Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ногоон барилгын үнэлгээний EDGE гэрчилгээ олголоо

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын банкны холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд арилжааны банкуудаас 100 орчим харилцагчид эрчим хүчинд хэмнэлттэй амины орон сууц барихад нь санхүүгийн дэмжлэг буюу татаас олгож, арилжааны банкуудаас ипотекийн зээл олгосон билээ.

Тэгвэл уг төслийн хүрээнд 2021 оны есдүгээр сард баригдсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системээр эрчим хүчний аудит хийж, гэрчилгээ олголоо.

EDGE (“Excellence in Design for Greater Efficiencies”) системийг Дэлхийн банкны группт багтдаг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-аас Монголд нэвтрүүлсэн. Ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны ногоон барилгын гэрчилгээг Сакура Проперти ХХК-аас 2020 онд Баянгол дүүрэгт барьж, ашиглалт оруулсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд олгож байна.

Дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлсэн ногоон барилгын үнэлгээний EDGE систем нь барилгыг 3 чиглэлээр буюу эрчим хүчний хэрэглээ, усны хэрэглээ болон ашигласан барилгын материалаар нь (үйлдвэрлэхэд зарцуулсан эрчим хүчний хэмжээ) үнэлдэг. Ингэхдээ тухайн орны норм, стандартад заасан үзүүлэлтээс хамгийн багадаа 20 хувиас доошгүй илүү үр ашигтай байх шаардлага тавьдаг бөгөөд дээр дурдсан амины орон сууцны барилга нь эрчим хүчний хэмнэлтийн хувьд 57 хувь, усны хэмнэлтийн хувьд 27 хувь, харин материалын хувьд 42 хув ийн хэмнэлтийг бий болгосноороо ахисан түвшний гэрчилгээнд тооцогдож байгаа юм.

Гэрчилгээ авсан амины орон сууц нь модон каркас бүхий 70 м.кв талбайтай хоёр давхар, цахилгаан халаалттай тул энэ байшин нь өвлийн улиралд утаа огт ялгаруулахгүй бөгөөд жилд 8.4 тонн нүүрс хүчлийн хий СО2 хэмнэж буйг тогтоожээ. Мөн 5кВт-ын хүчин чадалтай нарны зайн PV хураагуур суурилуулж цахилгаан эрчим хүчний хэрэглээний 55 хувь орчмыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Энэхүү барилгад нэвтрүүлсэн шинэлэг технологийн шийдлүүд нь халаалтын эрчим хүчний хэрэгцээг тэг рүү ойртуулж, үлдсэн багахан хэрэгцээг сэргээгдэх эрчим хүч ашиглан хангах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн усны хэмнэлттэй тоноглол суурилуулж, үйлдвэрлэлийн явцдаа ихээхэн эрчим хүч шаарддаг төмөр бетон, тоосго гэх мэт барилгын материалуудаас аль болох татгалзаж хөнгөн хийцийг сонгосон нь ногоон барилгын гэрчилгээ авах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy