БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2023 оны II улирлын гүйцэтгэл

НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШХИРАВ АА

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгдлээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. Уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцэж ирлээ.

Банкны салбарын тогтвортой хөгжилд банк, харилцагч хоёр талын итгэлцэл чухал бөгөөд харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд Монголын банкны холбооноос “Харилцагчийн эрхийг хамгаалах банкны үйлчилгээний кодекс”-ийг батлан, салбарын хэмжээнд дагаж, мөрдөж эхлээд байна.

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт сул байлаа. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар өссөн ч, 4.5 сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа нь хангалттай биш юм. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Хэдий эдийн засаг сэргэлттэй байгаа ч уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг хангах орчин нөхцлийг бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хадгалж чадалгүй “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчийн үлгэр болох вий.

2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БАНКНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА

  • Банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэв. Бизнесийн зээл олголт сэргэж байна.
  • Банкуудын чанаргүй зээл аажмаар буурч байна.
  • Банкны салбарын хэмжээнд харилцагчийн эрхийн хамгаалах нэгдсэн стандарттай болж байна.
  • Системийн нөлөө бүхий банкууд IPO амжилттай хийж 447 тэрбум орчим төгрөгийг татан төвлөрүүлэв.
  • Системийн нөлөө бүхий таван банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна.
  • Төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давлаа.

Банкны салбарын 2023 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy