Банкны салбарын шилдгүүдийг тодруулдаг хүндэтгэлийн ёслол боллоо

Монголын банкны холбоо (МБХ)-ноос жил бүрийн 12 дугаар сарын 8-ны өдөр Банкны салбарын чуулган болон салбарын шилдгүүд, манлайлагчдыг тодруулдаг хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Банкны салбарын XVIII чуулганаар Монголын банкны холбооны удирдлагын багт Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд Дэд ерөнхийлөгчөөр шинээр сонгогдон, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн сонгуульт ажлыг хүлээж авлаа. Түүнчлэн Монголын банкны холбооны харъяа байгууллага болох  Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн холбооны 2024 оны Манлайлагч банкаар ХААН Банк сонгогдож, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа ТоС Холбооны Удирдах зөвлөлийн даргын ажлыг Худалдаа, хөгжлийн банкнаас хүлээж авсан юм.

Монголын банкны холбооны удирдлагын баг нь ерөнхийлөгч, гурван дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Ийнхүү ирэх жилүүдэд Монголын банкны холбооны удирдлагын баг нь Ерөнхийлөгч Б.Мэдрээ, гурван Дэд ерөнхийлөгч болох Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.

Монголын банкны холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд зэрэг нийт 35 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд нийт гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх замаар хувь нэмрээ оруулж, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд манлайлж ажиллах зорилготой билээ. 

Энэ жилийн хүндэтгэлийн хүлээн авалтыг МБХ, түүний харъяа байгууллагууд болох Банк санхүүгийн академи, ТоС Холбоо, Тэрбум мод сан болон хамтрагч байгууллага ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран зохион байгуулав. Түүнчлэн хүндэтгэлийн хүлээн авалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уламжлан хүргэж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар хүндэт зочдоор уригдан оролцсон юм.

МБХ-ны ээлжит  чуулганы дараа үргэлжлүүлэн Банкны салбарын хүндэтгэлийн ёслол болж, салбарын шилдгүүд, манлайлагчдыг тодруулсан юм. Комплаенсын үйл ажиллагаа, мэргэжлийг салбарын хэмжээнд болон олон нийтэд таниулах чиглэлд идэвх, зүтгэл гаргаж ажилласан МБХ-ны Комплаенсын мэргэжлийн зөвлөлийн дарга, Худалдаа, хөгжлийн банкны Комплаенсын хэлтсийн захирал А. Болормаа, МБХ-ны үйл ажиллагааг дэмжиж, энэ жилийн турш идэвхтэй хамтран ажилласан ККТТ ХХК, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд манлайлан ажилласан Төрийн банканд “Талархал” гардууллаа. 

Банкны салбарын шилдгийн шилдгүүдийг тодорхойлох 11 дахь удаагийн “Шилдэг БАНКИР” шагналыг дараах банкируудад олгов;

  • Голомт банкны Санхүүгийн удирдлагын газрын захирал С. Мөнхтуяа, 
  • Төрийн банкны Чингэлтэй дүүрэг салбарын захирал Г.Батцэнгэл
  • Хас банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Лизинг хариуцсан захирал С. Дауренбек
  • ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр 
  • Худалдаа, хөгжлийн банкны Жижиг дунд бизнесийн газрын захирал Б.Оргил
  • Ариг банкны Бизнес хөгжлийн захирал Б.Оюунцэцэг
  • Богд банкны Банк хооронд болон дотоодын төлбөр тооцооны хэлтсийн захирал Г.Номин
  • Тээвэр хөгжлийн банкны Санхүү хариуцсан захирал Ц.Болор
  • Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Д.Баасандулам
  • Хай пэймэнт солюшнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Сайханжаргал
  • Капитрон банкны Гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Үүрцайхбаатар

 

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлж, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанд олгодог Монголын банкны холбооны Дээд шагнал “Хаш эрдэнийн одон”-г энэ жил Капитрон банкны Гүйцэтгэх захирлын орлогч Ч.Энхбатад олголоо. 

Түүнчлэн Монголын банкны холбооны харъяа байгууллагууд болох Банк санхүүгийн академи, Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС Холбоо), Тэрбум мод сангийн нэрэмжит шагналуудыг хүндэтгэлийн ёслолын үеэр гардуулав.

Банк санхүүгийн академийн 2023 оны “Шилдэг сургагч багш”-аар Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболд шалгарлаа.

Энэ жил арилжааны банкуудын санаачилгаар байгуулагдсан ТоС хөтөлбөрийн 10 жилийн ой, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж ТоС Холбоо болж өргөжсөний 5 жилийн ой нь тохиож буй. Ийнхүү ТоС Холбооны шилдгүүдээр дараах дөрвөн банк тодорсон юм. 

  • “Жендерийн манлай байгууллага”-аар Голомт банк
  • “Онцлох ТоС байгууллага”-аар Хас банк, Худалдаа, хөгжлийн банк
  • “Шилдэг ТоС байгууллага”-аар ХААН Банк шалгарчээ. 

Түүнчлэн ТоС Холбооноос Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнхөд ТоС хөтөлбөрийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж Монгол Улсын ТоС-ийн замын зураг боловсруулах, ногоон бонд, өрийн хэрэгслийн тогтолцоог нэвтрүүлэх, уур амьсгалын эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, ногоон санхүүжилтийн механизмийг сайжруулах зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлэх замаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт оруулсан томоохон хувь нэмрийг үнэлэн Монголбанкны Санхүү, банкны тэргүүн цол тэмдгээр шагнав.

Мөн л банкны салбарын дэмжлэгтэй байгуулагдсан Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 12,977 м.кв ногоон байгууламж бий болгож, 35,887 мод тарьж, 24 га талбайд ойжуулалт хийн, 46 ажлын байрыг шинээр бий болгон, 11,909 хүүхдэд ногоон орчин бүрдүүлсэн ХААН Банк тодорчээ. 

МБХ-ны нийт гишүүн байгууллагууддаа болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье! Ирж буй шинэ онд Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин, дэвжих болтугай.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy