“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяны нээлт Улиастай хотод боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг Завхан аймгийн Улиастай хотод  “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар эхлүүллээ. Аяны нээлтэд Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд оролцон үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр хуримтлалын эрхийн бичиг гардуулж, орон нутагт зарласан гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдүүгийг тодруулж, Төрийн банкны санхүүгийн мэдлэг түгээх багш нарт сертификат гардуулсан юм.

Аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Аяны үйл ажиллагааны хүрээнд мөн Завхан аймагт санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэх, аймгийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулав.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1934 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2017 онд нэгдэн орж, тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ.

Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчинд бүтээлийн уралдааныг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, банкуудаас санал болгож буй  онцгой нөхцөлт урамшуулал бүхий хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy