Манай эдийн засгийн цусны эргэлт хэр байх нь банкны салбараас хамаардаг

Би бол жирийн л нэгэн банкны ажилтан. Гэхдээ энэ эзэмшсэн мэргэжил, ажилладаг салбараараа дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахсан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуу үеийн төлөөлөл. Эдийн засгийг “хүн” гэж төсөөлбөл “санхүүгийн систем” нь “хүний цусны эргэлтийн систем” болно. Энэ эргэлтийн системийг өнөөдөр банкны салбар дангаараа үүрч яваа юм. Мэдээж бүх зүйл дардан байгаагүйг банкны салбарын өнгөрсөн 28 жилийн түүх харуулдаг. Одоо ч гэсэн зээлийн хүү өндөр гэх асуудал яригдсаар байна. Хэдийгээр зээлийн хүү нь хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байгаа хэдий ч хөгжиж буй, шилжилтийн эдийн засагтай ижил түвшний орнуудтай харьцуулахад бага байгаа юм. Эдгээр макро эдийн засгийн ужиг болсон асуудлуудаар улс төр хийж, ард түмний дунд нэр хүндээ өсгөх гэсэн төрийн түшээд ч их гарах болж. Энэ тогооноос хоолоо олж иддэг хүний хувьд итгэлтэйгээр нэг зүйлийг хэлэхэд зээлийн хүүг хэзээ ч банк хүссэнээрээ тогтоодоггүй билээ. Энэ нь манай зах зээлийн эрсдэл, инфляци, улс төрийн тогтворгүй байдал, төсвийн алдагдал, гадаад өр гэх мэт маш олон асуудлуудын үр дүнд илэрч буй нэг л шинж тэмдэг. Эмч нар нүд нь хавдсан, хөл нь хавагнасан хүнийг эмчлэх гээд шууд нүд рүү нь эсвэл хөлрүү нь дайрдаггүй. Илрэх хэлбэр нь бөөр өвдөх, эсвэл нуруу хөших юу ч байж болдог. Өвчний үндсэн шалтгааныг нь тодорхойлж, эмчилснээр сая тухайн хүний хөл хавагнахгүй, бөөр өвдөхгүй болно. Яг үүнтэй агаар нэг шүү дээ.

Өрх гэр, аж ахуй нэгжийн амьдралтай эдийн засгийн хувьд шууд холбогддог салбар бол банк, санхүүгийн салбар. Ялангуяа хүний мөнгө, эд хөрөнгө, хувийн мэдээлэлтэй холбоотой байдаг нь банкнаас итгэлтэй, найдвартай, хариуцлагатай байхыг шаарддаг. Тэгэхээр Монголын 3.2 сая иргэн, 167 мянган аж ахуй нэгж байгууллагын төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэх мэт санхүүгийн түргэн шуурхай, баталгаатай үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн банкны салбарын 15 мянган гаруй ажилтан байдаг. Энгийн тооцоолол хийвэл банкны 1 ажилтан бүрт 224 иргэд болон аж ахуй нэгж ногдож байгаа юм. Тухайлбал нэг теллер өдөрт дунджаар 250 харилцагчид үйлчилдэг. Зөвхөн нэг өдөрт 250 өөр царай харж, тэр бүх хүнтэй яг нэг зарчмаар харьцана гэдэг бол амаргүй ажил юм. Харин валют арилжааны дилерийн хувьд өдөрт дунджаар 100 орчим харилцагчтай утсаар ярьдаг байна.

Өнөөдөр Монгол улсын 1 иргэн 2 харилцах данстай, 1.1 хадгаламжийн данстай байгаа бол 3 хүн тутмын 1 нь зээлийн данстай байна. Энэ нь Монгол улсын иргэн бүрт санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй болохыг илтгэж байгаа юм. Түүнчлэн харилцагчид жилд 146 сая удаа пос машинаар, 93 сая удаа АТМ- ээр, 54 сая удаа мобайлаар тус тус гүйлгээ хийжээ. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа юм. Техник, технологи хөгжиж буйтай холбоотойгоор хүмүүсийн банкинд очиж үйлчлүүлэх нь багасч интернет болон мобайл банкаар гүйлгээ хийдэг харилцагч нарын тоо нэмэгдэж байна. Тухайлбал улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банктай байгаа бол гурван хүн тутмын хоёр нь интернет банк эзэмшиж байна.

Арай том дүр зургаар харвал Монголын эдийн засгийн өсөлт 2018 оны 3-р улирлын байдлаар 6.4 хувьтай гарсан. Энэхүү өсөлтийн тал нь буюу 3.2 нэгж хувийг түүхий эдийн үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт, экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч бий болсон. Харин үлдсэн 3.2 нэгж хувийн өсөлтийг дотоод эдийн засгаас буюу мөнгөний зөөлөн бодлоготой холбоотой зээлийн хүү буурч, улмаар банк санхүүгийн салбарын зээлээр дамжин бусад салбаруудыг дэмжиснээр бий болов. Улмаар үйлчилгээ, худалдаа, барилга, уул уурхай гэх мэт салбарууд өсөх нь нэг талаар ажлын байрыг нэмэгдүүлдэг бол нөгөө талаараа цалин өсөх боломж бий болгодог. Энэ нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, өрхүүд нь эргээд хэрэглэх болон хадгалах байдлаар эдийн засгаа дэмждэг.

Манай дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад банкны нийт актив 90 хувь, нийт зээл 50 хувь, иргэдийн зээл 31 хувь, ЖДҮ-н зээл 10 хувьтай тус тус тэнцэж байгаа нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын үүргийг банкны салбар дангаараа үүрч явааг дээрх тоо бэлхнээ илэрхийлж байна. Онолынхоо хувьд банкнаас богино хугацааны, хөрөнгийн захаас урт хугацааны хөрөнгө оруулалт татдаг. Гэвч манай хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжихгүй байгаа нь хөгжиж буй орнуудад нийтлэг ажиглагддаг засаглал, институцын асуудлуудтай холбоотой байдаг. Мөн хөрөнгийн захаас илүүтэй иргэдийн банкинд итгэх итгэл өндөр байдаг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувьтай тэнцэхүйц хадгаламжтай байгаагаас харж болно.

2019.02.14

МБХ-ны дэргэдэх Судлаачдын клуб

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy