Монголын банкны холбооны гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хурлаар тус холбооны Гүйцэтгэх захирал ба Ерөнхий нарийн бичгийн даргаар МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн санал болгосноор Лхагвасүрэнгийн Амарыг томиллоо.

Л.Амар нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд 1997 онд элсэн орж, 2001 онд эдийн засагч, менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсч, 2001–2003 онд Монголбанкны Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтэн, 2003–2005 онд Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газарт Дэлхийн Банкны санхүүжилттай “Төлбөрийн системийг шинэчлэх дэд төсөл”-д төслийн зохицуулагчаар ажилласан. Төслийн хүрээнд Монгол Улсад үндэсний төлбөр тооцооны нэгдсэн системийг бий болгох ажил хийгдсэн бөгөөд үүнд, Төлбөр тооцооны төв байгуулах, Банк хоорондын сүлжээний дэд бүтцийг байгуулах, Их ба Бага дүнтэй гүйлгээг бодит цагийн горимд шилжүүлэх, Картын гүйлгээний свичийн систем байгуулах болон Эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажил хийгдсэн. Тэрээр Люксембургийн Их Вант Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2005–2006 онд Люксембургийн Санхүүгийн Сургууль, Нью–Йоркийн Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрт суралцаж, банк санхүүгийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Эргэж ирээд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт Хянан шалгагчаар 2010 он хүртэл ажилласан ба ажиллах хугацаандаа хадгаламжийн даатгалын тогтолцоо, банкны зохистой засаглал, деривативын бүртгэл, банкны зөвшөөрөл олгох, банкны ажилтны ёс зүй гэх мэт асуудлаар эрх зүйн орчныг бий болгох, нэр бүхий банкинд зайнаас болон газар дээрх хяналт шалгалт хийх зэрэг ажлыг хариуцаж байсан. Л.Амар нь Азийн Хөгжлийн Банкны (ADB) Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2011–2019 онд эдийн засагчаар ажиллаж, тус банкны Монгол Улсад хэрэгжүүлэх стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, макро эдийн засгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж хэтийн төлөв гаргах, тулгамдаж буй асуудлаар бодлогын зөвлөмж гаргах, техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлд ажиллаж байв. Монголын Эрх зүй–Эдийн засгийн ухааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оноос хойш ажиллаж байна.

Өнгөрсөн 4-н жилийн хугацаанд МБХ-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Үнэнбат ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа салбарын мэргэжлийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж, зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг зузаатгаж, банкны салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгоход гишүүдийнхээ дуу хоолойг нэгтгэн хүргэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн төдийгүй нийт гишүүн банкуудын эрх ашгийг эн тэнцүү хамгаалан, бодлогын асуудалд зарчмын саналаа тусгаж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн юм.

МБХ-ны Гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажилласан Жигжидийн Үнэнбат болон шинээр томилогдсон Лхагвасүрэнгийн Амар захиралд нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Монголын Банкны Холбоо

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy