Монголын банкуудад итгэж болох уу?

Сүүлийн үед банк, санхүүгийн байгууллагыг тойрсон олон асуудал чих шуугиулж байна. Харин ард иргэдэд эдгээр нөхцөл байдал нь олон эргэлзээг төрүүлж буй. Тухайлбал миний хадгаламжинд аюул учрах уу? Харилцагч банкиндаа итгэж болох уу? гэх мэт. Тиймээс аливаад бодитой, судалгаатай, ул суурьтай хандах нь зөв. Ерөнхийдөө банк, санхүүгийн тогтвортой байдлыг засаглал болон санхүүгийн үзүүлэлтүүдээр дүгнэдэг. Ялангуяа тухайн банкны хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй эсэхийг санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлтээр хардаг.

САНХҮҮГИЙН ЗОХИСТОЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

  1. 1. Өөрийн хөрөнгийн харьцаа

Санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдлээс сэргийлж банкны хувьцаа эзэмшигчид тодорхой хэмжээний хөрөнгийг Монголбанкинд бэлнээр байршуулдаг. Энэхүү өөрийн хөрөнгийн хувь нь активын 14 хувиас доошгүй байх шаардлагатай. Доорх зургаас харвал энэ харьцааг бүх банкууд хангаж байгаа юм.

  1. 2. Хөрвөх чадварын харьцаа

Харилцагч богино хугацаанд их хэмжээний мөнгө шаардлагатай болоход тухайн цаг мөчид нь гаргаж өгч чадах уу? гэдэг нь банкуудын хувьд чухал байдаг. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд активын 25 хувиас их байх хэрэгтэй. Энэхүү шаардлагыг бүх банкууд хангаж байгаа юм.

Эх үүсвэр: Монголбанк

БАНКНЫ САЛБАР ИТГЭЛЦЭЛ ДЭЭР ТОГТДОГ.

Банкны салбар өөрөө итгэлцэл дээр тогтдог учраас хүмүүс банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг гэсэн үг. Улмаар банк нь тэрхүү хадгаламжаар ААН, иргэдэд зээл олгодог. Иргэдийн банкинд итгэх итгэл хэр түвшинд байгааг бид банкуудын хадгаламжийн өсөлтөөс харах боломжтой. 2018 онд банкны салбарын хадгаламж 13 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оноос 7.8 хувиар өсчээ.

Манай дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад банкны нийт актив 90 хувь, нийт зээл 50 хувь, иргэдийн зээл 31 хувь, ЖДҮ-н зээл 10 хувьтай тус тус тэнцэж байгаа нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын үүргийг банкны салбар дангаараа үүрч явааг дээрх тоо бэлхнээ илэрхийлж байна. Онолын хувьд банкнаас богино хугацааны, хөрөнгийн захаас урт хугацааны хөрөнгө оруулалт татдаг. Гэвч манай улсад хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжихгүй байгаа нь хөгжиж буй орнуудад нийтлэг ажиглагддаг засаглал, институцын асуудлуудтай холбоотой байдаг. Мөн хөрөнгийн захаас илүүтэй иргэдийн банкинд итгэх итгэл өндөр байдаг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувьтай тэнцэхүйц хадгаламжтай байгаагаас харж болно.

Эндээс дүгнэхэд банкны салбарын үйл ажиллагаа хэвийн, тогтвортой үргэлжилж байгаа төдийгүй иргэдийн хадгалуулах хандлага ч өндөр байна. Энэ нь цаашлаад эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалахад ч чухал юм.

Монголын Банкны Холбооны дэргэдэх Судлаачдын клуб

2019.03.07

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy