Харилцагчийг зайнаас таньж мэдэх нь

Монголын банкны холбооны Комплайнсын мэргэжлийн зөвлөлөөс зарласан эсээ уралдааны хоёрдугаар байранд орсон Худалдаа, хөгжлийн банкны Комплайнсын мэргэжилтэн Б. Балжиннямын эсээг хүргэж байна.

XXI зуун гарснаас хойш хүн төрөлхтний түүхэн дэх хөгжлийн томоохон онцлогуудын нэг нь цахим буюу дижитал эрин үе билээ. Дэлхий даяар дижитал шилжилт хийгдэж байгаа энэ цаг үе, мөн цар тахлын нөлөөнөөс хүн төрөлхтний өмнө томоохон сорилтууд тулгарсны нэг нь цахим шилжилтийг хурдацтайгаар хийх, түүнд дасан зохицох шаардлага байлаа. Монгол Улсын хувьд 2021-2024 оны үйл ажиллагаандаа цахим үндэстэн болох зорилтыг тавьж томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хийж эхлээд байна.

Дижитал эринд компаниуд технологийн давуу талыг ашиглан өрсөлдөх чадвараа сайжруулж, үр ашгаа нэмэгдүүлэх технологид суурилсан бизнесийн загваруудыг үүсгэсээр байна. Энэхүү дижитал шилжилт нь бүхий л салбарт өөрчлөлтийг авчирч байгаа бөгөөд медиа, банк санхүү, харилцаа холбоо, худалдааны салбарын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлөх болсон.

Тэр дундаа банкны салбарт харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд цахим шилжилтүүдийг хийх болсон энэ үед тухайн харилцагчаа зөв таньж мэдэж үйлчилгээгээ үзүүлэх, цаашлаад бизнесийн цар хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт үүссээр байна. Банкны салбарт энэхүү хэрэгцээ шаардлагыг хэрэгжүүлэхэд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамгийн чухал харилцагчийг таньж мэдэх (KYC)-г зайнаас хийх нь чухал болоод байгаа билээ.

Монгол Улсын хууль, тогтоомжид харилцагчийг таньж мэдэх ажиллагааг зайнаас таньж мэдэх ажиллагааг хийх, хязгаарлах талаар дараах байдлаар заасан байдаг.

“Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”: (Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, 2021)

  • 1 Банк эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.
  • 2 Энэ зүйлийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.
  • 3 Банк, эрх бүхий хуулийн этгээд дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглоно.
  • 9 Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн харилцагчийн техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан илэрхийлсэн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 7.3-т зааснаас бусад тохиолдолд цахим хэлбэрээр данс нээж, хааж болно.
  • 3 Хадгалагч нь хадгалуулагчтай байгуулах хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу цахим хэлбэрээр байгуулж болно.
  • 4 Цахим хэлбэрээр байгуулах хадгаламжийн гэрээ нь хадгалуулагч хүсэл зоригоо илэрхийлэн цахим баримт бичиг үйлдэж, цахим гарын үсэг зурж илгээснийг хадгалагч хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

Дээрх заалтуудаас харахад банк нэгэнт харилцагчаар бүртгэсэн, харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хийсэн харилцагчид банкны үйлчилгээг үзүүлэх, харилцагчийг баталгаажуулахдаа нууц үг, нууц код, цахим гарын үсгийг баталгаат гарын үсэгтэй адилтгаж үзэх боломжтой байна. Харин банкны харилцагч бус, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй харилцагчийн хувьд банкны үйлчилгээг зайнаас авах, банканд бүртгүүлэх боломж дээрх хуулийн заалтуудаар хязгаарлагдаж байгаа юм.

Орчин цагийн цахим шилжилт, Монгол Улсын хууль, тогтоомжийн үл нийцэлтэй байдалд боломжит шийдлийг олох зорилгоор олон улсад банкны данс нээх, e-KYC-г хийхэд ашигладаг арга хэрэгсэл, сайн туршлагыг судалж үзлээ.

  1. Таних ба тааруулах (Identity authentication & matching): Хонконгийн загвар

Харилцагчийг өөрийн биеэр ирүүлэхгүйгээр зайнаас таньж мэдэхэд зориулсан тусгай аргын талаар анх 2011 онд Хонконгийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай захирамжид нийтэлжээ. BNM (Bank Negara Malaysia)

2019 оны арванхоёрдугаар сард биометрийн технологи ашиглах, залилан илрүүлэх, бодит хүн эсэхийг магадлах зэрэг цахим KYC-ийг хэрэгжүүлэх хүсэлтэй санхүүгийн байгууллагуудад тавигдах шаардлагын загварыг гаргасан бөгөөд энэхүү уян хатан загварын давуу тал нь иргэний үнэмлэх дээр суурилдаг, мөн амьдралын чанарыг тодорхойлоход тулгуурладаг байна. Энэ нь бүх санхүүгийн системд ажиллах боломжтой аливаа нэг халдлагад өртөмтгий биш өргөн хүрээний экосистемийг бий болгожээ.

  1. Видео баталгаажуулалт (Video verification): Германы загвар

Цахим KYC процессын явцад хуурамч дүр эсгэхээс урьдчилан сэргийлэх өөр нэг арга бол биечлэн уулзах уулзалтыг хоёр талын видео дуудлагаар хийх явдал юм. Видео баталгаажуулалтын аргыг нэвтрүүлсэн анхдагч улс нь Герман юм. Бусад онцлох жишээнд RBI (Энэтхэгийн нөөцийн банк) багтаж, 2020 оны нэгдүгээр сард видео бичлэгт суурилсан KYC-аар харилцагчийн хувийн шинж чанарыг тодорхойлох боломжтой болсноо зарласан. Энэтхэг улсад санхүүгийн салбар нь алслагдсан байршилд байгаа үйлчлүүлэгчидтэй биечлэн холбогдох өндөр зардлыг багасгахын тулд видео KYC хийх зөвшөөрлийг удаан хугацаанд эрэлхийлсэн байна. Видео баталгаажуулалт нь хувийн мэдээллийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх давуу талтай бөгөөд санхүүгийн байгууллагуудын уламжлалт нүүр тулсан холболтын дижитал хувилбар болж байна.

  1. Дижитал ID схемүүд (Digital ID Schemes): Швед, Сингапурын загвар

Санхүүгийн байгууллагууд нь харилцагчийн хэн болохыг шалгахдаа лавлаж болох мэдээллийн найдвартай албан ёсны эх сурвалжийг бий болгохыг шаарддаг боловч Засгийн газраас тэр бүр өгдөггүй. Энэтхэг нь Aadhaar e-KYC системээрээ энэ загварын анхдагчдын нэг байсан. Aadhaar нь хүн бүрийн дахин давтагдашгүй биеийн онцлог шинжүүдээр тогтоосон хувь хүний таних дугаар. Харамсалтай нь, төвлөрсөн схем нь хакердах халдлага эсвэл хэрэгжилтийн алдаанаас асар их эрсдэлтэй байдаг. 2019 оны нэгдүгээр сард Энэтхэгийн Засгийн газраас Aadhaar хэрэглэгчдийн сая сая иж бүрэн биометрийн бүртгэл задарсан байдаг.

Сингапур улсад засгийн газар онлайн гүйлгээний явцад иргэний үнэмлэх баталгаажуулалтыг хялбаршуулах зорилгоор 2016 оны тавдугаар сард MyInfo гэгдэх дижитал хувийн мэдээллийн платформыг нэвтрүүлсэн. MyInfo мэдээлэлд хандах эрх олгосон санхүүгийн байгууллагуудаас харилцагчийн хувийн мэдээллийг баталгаажуулахын тулд нэмэлт бичиг баримт авахыг шаарддаггүй. Сингапур нь MyInfo хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахад илүү амжилттай болсон бөгөөд эдгээр өгөгдлийг олон газар түгээхгүйгээр ажилладаг өндөр хамгаалалттай системийг зохион бүтээжээ (Regulation Asia, 2021).

Уламжлалт харилцагчийг таньж мэдэх арга Цахим харилцагчийг таньж мэдэх арга
Маягт бөглүүлэх Нүдний харцаар таньж мэдэх болон маягтын хослол
Хурууны хээгээр баталгаажуулах Мэдээллийн баталгаажуулалт
Нүүр тулсан ярилцлага Баримт бичгийн залиланг шалгах
Төвлөрсөн бус мэдээллийн сан Төвлөрсөн мэдээллийн сан

Цахимаар таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхэд үүсэж болох эрсдэлийг дурдвал:

  • Фишшинг халдлага
  • Өгөгдөл мэдээллийг урвуулан ашиглах
  • Хуурамч бичиг баримтын луйвар
  • Мэдээлэл алдах гэх мэт

Олон улсад зохицуулагч байгууллагаас цахимаар харилцагчийг таньж мэдэх ажиллагаанд дараах шаардлагыг тавьж байна.

  • Харилцагчийн мэдээллийг зайнаас баталгаажуулахад тохиромжтой аргуудыг ашиглах
  • Хиймэл оюун ухаан, machine learning, жинхэнэ болон жинхэнэ бус тохиолдлыг ялгах алгортм ашиглах
  • Систем дэх болзошгүй сул талуудыг тодорхойлж, арилгадаг байх.

Бангладеш улсын санхүүгийн мэдээллийн албанаас гаргасан зайнаас харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хоёр төрлөөр хийдэг бөгөөд харилцагчийн эрсдэлийн үнэлгээнд суурилан хялбаршуулсан болон тогтмол зайнаас харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хийх аргыг ашигладаг байна (Guidelines on Electronic Know Your Customer, n.d.).

Дэлхийн улс орнуудад техник технологийн үсрэнгүй хөгжлийг ашиглан олон арга хэрэгслээр харилцагчийн зайнаас таньж мэдэх ажиллагааг бүрэн нэвтрүүлээд эхэлжээ. Олон улсын банк санхүүгийн байгууллага болон Монгол Улсын хуулийн хүрээнд банк, санхүүгийн байгууллага эрсдэлд суурилсан аргаар харилцагчаар бүртгүүлсэн харилцагч нарыг олон улсын стандарт шаардлагад нийцсэн программ хангамжийг ашиглаж чадвал зайнаас бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх боломж нь байгаа гэж харж байна.

Харин санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй харилцагчийн хувьд санхүүгийн байгууллагад тавигдах мэдээллийг аюулгүй байдал, ашиглах арга техникт шалгуур үзүүлэлтийг нарийн тодорхойлж, гаргаж өгснөөр харилцагчийг таньж мэдэх ажиллагааг технологи ашиглан хийж болохоор байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy