​Монгол улсын тогтвортой санхүүжилтийн форум 2017 амжилттай зохион байгуулагдлаа

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудал

Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн форумын арга хэмжээ энэ удаа “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвээр 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай явагдаж өнгөрлөө. Бүтэн өдөр үргэлжилдэг форумын үйл ажиллагаа уламжлал ёсоор танхим дүүрэн оролцогчидтой байлаа. Өнгөрсөн жил ТоС-ийн форумын үйл ажиллагаа явагдах өдрийг “амралтын өдөр” болгон зарласан байсан хэдий ч ногоон санхүүжилт, байгаль орчин, нийгмийн асуудалд шимтсэн зочид танхим дүүрэн сууж байсан удаатай.

Монголын Банкны Холбоо (МБХ) болон түүний гишүүн банкууд нь холбогдох олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зорилгоор тогтвортой санхүүжилтийг санаачлан эхлүүлж, Монгол Улсын байгаль орчин, нийгмийн гол асуудлуудыг тусгасан “Тогтвортой санхүүжилт (ТоС)”-ийн зарчмуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү зарчмууд нь банкнаас санхүүжүүлж буй төслийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, бууруулах, цаашлаад ногоон төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд банкуудад дэмжлэг, чиглэл өгөх зорилготой юм. Нийт банкууд ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж, өөрсдийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн удирдлагын системийг бүрдүүлэн, зээл санхүүжилт олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолон ажиллаж байна.

Энэхүү байгаль орчин, нийгмийн төлөөх санаачилга, хөтөлбөрийг олон нийт, харилцагчиддаа мэдээлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор Монголын Банкны Холбоо (МБХ) 2013 оноос хойш жил бүр “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум”-ын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж ирсэн бөгөөд жил бүр дэмжиж, хамтран зохион байгуулах байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. Тус хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) эхнээс нь бодлогоор дэмжин ажиллаж ирсэн юм.

 

Энэ жилийн хувьд МБХ, БОАЖЯ, 2017 оны “ТоС Манлайлагч банк” Ариг банк форумыг хамтран зохион байгуулсан ба бодлогын дэмжигч байгууллагаар Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТ, олон улсын дэмжигч байгууллагаар Олон улсын санхүүгийн корпараци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UN Environment), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн яам (BMZ) зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.

Форумын үйл ажиллагаанд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхайм болон бусад олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцсон нь тус арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлсэн онцлох явдал болов.

Уг форумд бодлого боловсруулагчид, төрийн байгууллагууд, банкууд, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш судлаачид, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд зэрэг 170 гаруй байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцлоо. Оролцогчдын дунд Монгол Улсын ТоС-ийн хөтөлбөрөөс туршлага судалж, өөрийн улс оронд нэвтрүүлэх зорилготой бусад улс орны төлөөлөл бас байсан юм. Форумаар ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын алсын хараа, банкны байгаль орчин, нийгмийн удирдлагыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэнээс гадна ТоС-ийг санхүүгийн салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалтуудтай уялдуулах, банкны бус санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, барилга, ноос ноолуур зэрэг бизнесийн салбарууд дахь байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг (roadmap) боловсруулахад оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.

МБХ-ны ерөнхийлөгч О.Орхон форумын нээлтийн үгэндээ “Монгол Улсад байгаль орчин, нийгмийн удирдлагын асуудлыг санхүүгийн бусад салбар, бодлого зохицуулалтад нэвтрүүлэх зорилгоор “үндэсний замыг зураг”-ийг боловсруулах ажлыг хийж байна. Тиймээс цаашид дан ганц банкны салбар тогтвортой санхүүжилтийн асуудлыг ярих биш, бусад санхүү, бизнесийн салбар “ногоон бонд”, “ногоон даатгал”, “ногоон барилга”, “ногоон хөрөнгө оруулалт”-ын асуудлыг ярилцаж, үр дүнгээ хуваалцах цаг ойрхон ирсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Форумын үеэр ногоон зээлийн сан байгуулах санаачилгын хүрээнд хийгдсэн бэлтгэл ажлуудыг танилцуулж, сангийн эхний ээлжийн бүтээгдэхүүн болох i) гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдлийн зээл, ii) эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зээл, iii) хямд төсөр ногоон барилгын зээл зэрэг төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны боломжууд, цаашид хийгдэх ажлуудын талаар ярилцлаа.

ТоС-ийн үзэл санааг оролцогч олон талд түгээн дэлгэрүүлэх, цаашид хамтран ажиллахтай холбоотойгоор МБХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг форумын үеэр танилцуулсан юм. МБХ-ны ерөнхийлөгч О.Орхон хэлсэн үгэндээ: Монголын Банкны Холбооны Удирдах зөвлөлөөс банкнаас бусад бизнесийн салбарууд Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх зорилго дор нэгдэж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг албан ёсоор тусад нь гаргахаар шийдвэрлэлээ. Тун удахгүй “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн холбоо”-нд гишүүнээр элсэх урилга та бүхний гарт хүрэх болно. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд ТоС зөвхөн банкны салбарт төдийгүй ББСБ, даатгал зэрэг санхүүгийн байгууллагуудад, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах гээд олон салбарт шинэ боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Форумын хэлэлцүүлгээр бизнесийн бусад салбаруудаас ТоС хөтөлбөр өөрийн бизнес, үйл ажиллагаанд хэрхэн эерэг үр дүн үзүүлж байгаа туршлагаас хуваалцсаны зэрэгцээ салбарууд ТоС хөтөлбөрт нэгдэн, өөрийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин, нийгмийн асуудлыг тодорхойлохын ач холбогдлыг ярилцаж, цаашид сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг олон асуудлаар хамтран ажиллах хэрэгцээтэй байгааг дурдаж байсан юм.

НОГООН ЗЭЭЛИЙН САНГ БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЖЭЭ

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Сангийн яам, Монголын Банкны Холбоо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагууд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих, Монгол Улсын санхүүгийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг нэмэгдүүлж санхүүгийн зах зээлд хүүгийн түвшинг бууруулах, ногоон санхүүжилтийн арга, хэрэгслүүдийг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Ногоон зээлийн сан”-г үүсгэн байгуулахаар болж, холбогдох нөхцөлүүдийг тусгасан харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэснээ 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2017 арга хэмжээний үеэр мэдэгдлээ.

Талууд Ногоон зээлийн санг байгуулах нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмэр, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын хэрэгжилтийг дэмжих санхүүжилтийн механизм болж чадна гэж үзэж буй ажээ.

Тус санамж бичигт заасны дагуу юуны өмнө Ногоон зээлийн санг үүсгэн байгуулж, ажиллуулж эхлэхтэй холбоотой бэлтгэлийг хангах зорилгоор ажлын албыг зохион байгуулах бөгөөд сангийн эхний ээлжийн бүтээгдэхүүн болох i) гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдлийн зээл, ii) эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зээл, iii) хямд төсөр ногоон барилгын зээл зэрэг төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтын саналуудыг боловсруулах зэрэг ажлуудыг хийж эхлэх юм байна.

2018 оны “ТоС МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА” ТУГИЙГ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ГАРДАН АВЛАА

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг үр дүнтэй, тавьсан зорилгын дагуу ажиллуулах санал, санаачилга гаргах, ТоС-ийн хүрээнд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, банкны мэргэжилтнүүдийг чадавхижуулах, ТоС Форум арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг өөрийн санаачилгаар хэрэгжүүлэх “ТоС Манлайлагч байгууллага”-ыг Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах зөвлөлөөс жил бүр сонгодог бөгөөд 2017 оны ТоС Манлайлагч байгууллагаар Ариг банк амжилттай ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд Ариг банкны гүйцэтгэх удирдлага, хамт олноос “Тос Манлайлагч байгууллага”-ын хувьд ТоС-ийн хөтөлбөрийг олон улсад таниулах, түнш байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэх, Ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллах зэргээр “Манлайлагч”-ийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах оновчтой шийдлийг олж, практикт нэвтрүүлэх ажлын хүрээнд “Утааг хамтдаа устгая!” төслийг зарлан амжилттай хэрэгжүүлж байна. Ариг банкнаас байгаль орчин, нийгмийн төлөө хэрэгжүүлж буй төслийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy