БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2021 оны 4-р улирлын гүйцэтгэл

Бид бэлэн үү?

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн ихэнх салбарууд зогсонги байдалд шилжсэнтэй холбоотой өсөлт 1.4 хувьтай гарлаа. Хүн амын вакцинжуулалт, тээвэр ложистикийн сэргэлтийн хурдаас хамааран эдийн засаг сэргэх хандлагатай байна. Үүнээс гадна Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн хурдад төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, тохируулга чухал нөлөөтэй.

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив жилийн эцэст өмнөх сараас 2.3 хувиар нэмэгдэж ДНБ-ийн хэмжээнд ойртлоо. Геополитик, гадаад худалдаанаас шалтгаалж санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл байсаар байна. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд мөнгөний болон сангийн тэлэх бодлогын хүрээнд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлүүд олгож эхэлсэн. Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан иргэд, ААН-үүд, ажлын байрыг дэмжих зээл авсан ААН-үүд 2022 онд зээлээ төлж эхлэх бөгөөд ингэснээр чанаргүй зээл нэмэгдэх магадлалтай.

Банкны тухай хуулийн хүрээнд, системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж буй хэдий ч таамаглаагүй гадаад хүчин зүйлээс үүдэлтэй олон улсын санхүүгийн цочролтой үед иргэд, хөрөнгө оруулагчид энэ үйл явцад бэлэн байна уу?

2021 оны банкны салбарын онцлох өөрчлөлт, цаашдын хандлага

  • Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл болон репо санхүүжилтийн нөлөөгөөр нийт зээл 21 хувиар өсөв.
  • Зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд зээлийн сарын хүү 1.19 хувь болж зорилтот түвшинд хүрлээ.
  • Тээвэр ложистикийн хэвийн биш үйл ажиллагаанаас үүдэлтэй хэрэглээ хязгаарлагдаж, хадгаламж нэмэгджээ.
  • Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна. Зээл өсөлттэй, зээлийн чанар нь сайжирсан, эх үүсвэр болон өөрийн хөрөнгө өсөлттэй байна.
  • 2022 оны дундаас хөнгөлөлттэй зээл авсан ААН-үүдийн зээлийн эргэн төлөлт эхэлнэ. Энэ нь бизнесийн зээлийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • Ирэх 4 сарын хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээр байгаа зэрэг нь энэ үед томоохон сорилт байхаар байна.

Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академиас улирал тутам гаргадаг Банкны салбарын 2021 оны 4-р улирлын тойм судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy