БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2022 оны III улирлын гүйцэтгэл

УРТ ӨВӨЛ ХҮЛЭЭЖ БАЙНА

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 хувиар нэмэгдлээ. Чанаргүй зээл нэмэгдэх төлөвтэй байна. Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд валют нөөцлөх, валют хадгалах сонирхол өндөр байгаа нь төгрөгийн хадгаламж буурахад нөлөөлжээ. 

Орос-Украины асуудал болон цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан нийлүүлэлт, логистикийн хүндрэл нь манай улсын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдах гол шалтгаан болж байна.

Мөн уул уурхай, тээврийн салбарын сэргэлт удаашралтай байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хэдий ч үйлчилгээ, худалдаа, барилга болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засаг 3.7 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ. 

Цар тахлын үед эдийн засгийн салбаруудыг ганц дэмжиж ирсэн банкны салбарын зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Тээвэр логистикийн хүндрэлийг алхам алхмаар хурдацтайгаар шийдвэрлэн уул уурхай, тээврийн салбарын сэргэлтийг дэмжихгүй бол эдийн засаг тогтвортой өсөх боломжгүй нь харагдлаа. 

Сүүлийн 3 улирал дараалан төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөцөд дарамт учруулаад зогсохгүй төгрөгийн худалдан авах чадварыг бууруулах өндөр эрсдэлтэй байна.

Энэ оны сүүлийн улиралд эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч эдийн засагт тулгараад буй өвөл хэр удаан үргэлжлэх нь тодорхойлогдоно. Цаашлаад Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах замаар эдийн засгаа тогтворжуулах хэрэгцээ үүсэх дүр зурагтай байна.

Банкны салбарын тоймын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy