Банкны салбарын хэмжээнд харилцагчийн эрхийг хамгаалах нэгдсэн стандарттай болж байна

Монголын банкны холбооноос улирал тутам гаргадаг “Банкны салбарын тойм” судалгааны 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд тогтвортой, өсөлттэй, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгдэв. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. Уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцэж ирлээ.

Банкны салбарын тогтвортой хөгжилд банк, харилцагч хоёр талын итгэлцэл чухал бөгөөд харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд Монголын банкны холбооноос “Харилцагчийн эрхийг хамгаалах банкны үйлчилгээний кодекс”-ийг батлан, салбарын хэмжээнд дагаж, мөрдөж эхлээд байна. Уг кодексийн хүрээнд, банкны ажилтан нь үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл гэх мэт мэдээллийг энгийн, тодорхой байдлаар тайлбарлаж, аливаа өөрчлөлтийг урьдчилан мэдэгддэг, харилцагчийн мэдээллийн нууцлалыг хуульд заасан үүргийн хүрээнд хамгаалдаг, гомдол, саналыг банк бүр ажлын 15 хоногт багтаан шийдвэрлэдэг байх юм. Мөн “Банк нь хүний эрхийг дээдэлсэн, харилцагчийн онцлог, тусгай хэрэгцээг ойлгодог, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа явуулдаг байх зэргээр бүх банкуудын үйлчилгээ нэгдсэн нэг стандарттай, олон улсын жишигт хүрч байгаа” тухай Монголын банкны холбооны Зөвлөх З.Шагдарсүрэн тайлбарлалаа.

Системийн нөлөө бүхий таван банк IPO амжилттай хийж 447 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх замаар өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Эдийн засгийн өсөлт, банкны ашигт ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд сайн хэдий ч хувьцааных нь ханш буурч байгаа нь урт хугацааны, мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй байгаагаас шалтгаалж байна. Гадны хөрөнгө оруулагчид нийт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын ердөө 2-3 хувийг эзэлж байгаа юм. “Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд энэ оны эцэс гэхэд банкууд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө шинээр татах шаардлагатай байгаа нь хөрөнгийн биржийн нэг жилийн хувьцааны арилжааны нийт дүнгээс 13 дахин их байна. Иймээс банкны хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангах бодит зах зээлийн багтаамж харагдахгүй байна.” гэж Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцоллоо.

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт сул байлаа. “Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар өссөн ч, 4.5 сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа нь хангалттай биш юм. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна” гэж Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэллээ.

Хэдий эдийн засаг сэргэлттэй байгаа ч уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг хангах орчин нөхцлийг бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хадгалж чадалгүй “Ниргэсэн хойно нь хашхирах” вий.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy