БАНКУУД ТАРЬСАН МОДОО ЭРГЭЖ ОЧИН, АРЧИЛЛАА

Монголын банкны холбоо, Холбооны гишүүн банкуудын төлөөлөл эдгээр өдрүүдэд тарьсан модоо эргэж очин, арчилгаа, усалгааг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өнгөрсөн намар банкууд нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Бумбатын булаг хэмээх газар 2000 гаруй суулгац, мод тарьсан юм.

Мод тарих нь чухал боловч тарьсан моднуудыг үр дүнтэй ургуулахад арчилгаа, усалгаа чухал. Тиймээс энэ хавар банкуудын зүгээс шинэ мод тарихын зэрэгцээ өнгөрсөн жил тарьсан моднуудаа эргэж, ийнхүү арчилгаа, усалгаа хийж буйг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцлон хэлсэн. Тэрбээр мөн мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүжилтийн тогтолцоо, эх үүсвэрийг бий болгох нь чухал бөгөөд энэ хүрээнд банкны салбарын хэмжээнд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих” санг байгуулсан болохыг хэллээ.

Тус санд нэг жилд 2 тэрбум төгрөгөөс багагүй үнийн дүн бүхий санхүүжилтийг Холбооны гишүүн байгууллагууд төвлөрүүлнэ. Ийнхүү сангаар дамжуулан шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, салбарын хэмжээнд нэгдсэн стандарт гаргах, мод тарих үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд судалгаа хийх, гадны туршлагыг нэвтрүүлэх, блокчэйн технологи дээр суурилсан санхүүжилтийн болон нийлүүлэлтийн шинэ арга хэлбэр, ил тод тогтолцоог бий болгох зэрэг ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Харин арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилласаар ирсэн. Тэр дундаа 2018 онд банкуудын санаачилгаар Монголын тогтвортой санхүүгийн холбоог үүсгэн байгуулж, ногоон зээлийг нэвтрүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны зээлийн төсөл зэргийг хэрэгжүүлэн, харилцагчдад үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Тиймээс ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж банкны салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих амлалтыг өгөөд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy