Банк, санхүүгийн салбарын “Комплаенс форум 2022” долоо дахь удаагаа боллоо

Монголын банкны холбоо, Холбооны Комплаенсын мэргэжлийн зөвлөлөөс “Комплаенсын форум”-ыг долоо дахь удаагаа зохион байгууллаа. Арилжааны банкуудын комплаенсын үйл ажиллагаа, түүний хөгжил, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус форумын дэмжигч байгууллагаар Азийн сан хамтран оролцож байгаа юм.

Комплаенс гэдэг нь санхүүгийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлага нь тухайн байгууллагын бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн стандартад хэрхэн нийцэж, хэрэгжиж буйг хэлж байгаа юм. Комплаенсыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагад учирч болох эрсдэлүүдээс сэргийлдэг учир банкууд энэхүү үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Тиймээс ч энэ удаагийн форумд, ЦХХХЯ, ЦЕГ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтэй тэмцэх зөвлөл зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулан, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, зөвлөмж гаргаж байна.

Гурван өдөр үргэлжилсэн форумын үеэр;

  • E-KYC буюу Цахим орчинд хэрэглэгчийг таних үйл ажиллагааны хүрээнд эрх зүйн орчин, олон улсын туршлага, технологийн боломжууд;
  • Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний хүрээнд өндөр эрсдэлтэй харилцагчийн төрөл;
  • Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэхэд банк, санхүүгийн байгууллага болон хуулийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа;
  • Корреспондент банкны харилцааг сайжруулах: АНУ-ын банканд данс нээлгэх үйл ажиллагааны тухай, тулгарч буй асуудлууд, банкны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад төлбөр тооцоонд тулгарч буй асуудлууд зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Түүнчлэн форумын үеэр, Санхүүгийн мэдээллийн албанаас Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс хийсэн Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх шинэчилсэн үнэлгээний танилцуулгыг хийсэн бол Монголын комплаенсын холбооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаар илтгэл тавив. Мөн олон улсын санхүүгийн гэмт хэргийн эрсдэлийн үнэлгээ, дата анализ хийдэг Elucidate компани, дэлхийн томоохон финтек компаниудын нэг болох Finastra зэрэг байгууллагын төлөөлөл санхүүгийн залилан, луйврын сэдвээр мэдээлэл өгч, корреспондент банкны харилцаа, E-KYC сэдвүүдээр олон улсын экспертүүд илтгэл танилцуулж, олон улсын чиг хандлага, туршлагыг хуваалцлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy