Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавих хяналт
Монголын банкны холбооны Комплайнсын мэргэжлийн зөвлөлөөс зарласан эсээ уралдааны нэгдүгээр байранд орсон Худалдаа, хөгжлийн банкны Комплайнсын ахлах мэргэжилтэн Б. Уянгын эсээг хүргэж байна.
Сүүлийн үед эрчимтэйгээр гарч ирж буй “моодны” сэдэв бол Виртуал хөрөнгө билээ. Виртуал хөрөнгийг дэлхий дахинд виртуал төрлийн хөрөнгийг худалдах, шилжүүлэх, эсвэл төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэний дижитал илэрхийлэл гэж томьёолжээ. Энэ үзэгдэл нь дэлхийн санхүүгийн системийг өөрчилж, тус салбарыг илүү уян хатан, залиланд бага мэдрэмтгий, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний хөлс нь илүү хямд болно гэж эдийн засагчид үзэж байна. Дэлхийн анхдагч бөгөөд хамгийн үнэ цэн бүхий виртуал хөрөнгө болох биткойнийн үнийн өсөлтөөс шалтгаалан энэ талбарт хандуулах анхаарал дэлхий дахинаа нэмэгдээд байна.
Нэг талаас, виртуал хөрөнгийн үнэ цэнийн өсөлттэй холбоотойгоор тус хөрөнгөд суурилсан шинэ техник технологид суурилсан бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээ үзүүлэгчид ихээр гарч ирж байна. Ингэж ихээр гарч ирэх нь өөрөө эргээд виртуал хөрөнгийн үнэ цэнийг өсгөх гол хүчин зүйл нь болсоор байгаа юм.
Нөгөөтээгүүр, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа нь блокчейн технологи дээр суурилсан байх ба эргээд блокчейн технологи нь виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн хөрөнгө оруулалтад суурилан хөгжиж байна. Дэлхий дахинаа, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар, блокчейн буюу дижитал хэтэвч ашиглаж буй этгээдүүдийн тоо 75 сая даваад байгаа аж.
Виртуал хөрөнгийн зах зээлийн өсөлттэй холбоотойгоор виртуал хөрөнгийг төлбөр тооцоонд хүлээн зөвшөөрөх, ашиглах байдал ч улс орнуудад нэмэгдэж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг татаж байгаа юм.
Юуны өмнө, энэ талаар бичихийн тулд, гол нэр томьёог тодорхойлох шаардлагатай. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу “Virtual asset service provider” (VASP) -ийг Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу Financial Action Take Force (FATF)-аас дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Virtual Asset Service Provider (VASP) гэдэг нь дараах үйл ажиллагаанаас нэг эсвэл хэд хэдийг нь эрхэлдэг, эсвэл төлөөлж эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно (Financial Action Take Force 2021). Үүнд:
- Виртуал хөрөнгө болон Fiat валют [1] -ын хоорондын арилжаа эрхэлдэг;
- Нэг болон түүнээс дээш хэлбэрт байх виртуал хөрөнгийн хооронд арилждаг;
- Виртуал хөрөнгийн шилжүүлэг эрхэлдэг;
- Виртуал хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэгч эсвэл виртуал хөрөнгийн хамгааллын үйлчилгээ үзүүлэгч (даатгал);
- Виртуал хөрөнгө гаргах эсвэл борлуулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулагч эсвэл оролцогч.
Мөн, Виртуал хөрөнгө гэдэгт цахим хэлбэр (дижитал)-ээр арилжих, эсвэл шилжүүлэх болон төлбөр тооцоо болоод хөрөнгө оруулалтын зорилготойгоор хэрэглэгдэх боломжтой дижитал үнэ цэнийн дүрслэлийг хэлнэ гэж тодорхойлжээ. (Financial Action Task Force 2021)
Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчид амар хялбар, уян хатан болоод хямд олон улсын төлбөр тооцооны системийг бий болгож байгаа нь үнэн хэдий ч үүнийгээ дагаад олон хэлбэрээр урвуулан ашиглагдах боломжийг ч мөн бий болгосон үйлчилгээ гэж Базелийн хорооноос дүгнэжээ. (Basel Institute on Governance 2021)
Кейс, тоо статистикаас харахад, нэгдүгээрт, виртуал хөрөнгөөр дамжуулан гэмт этгээдүүд авлига, хээл хахуулиас олсон хөрөнгийн гарал үүслийг нуух зорилгоор буюу мөнгө угаасан байдаг байна. Гэвч энэ тохиолдол нь харьцангуй цөөн байх ба үүнээс илүүтэйгээр виртуал хөрөнгөөс ашиг олж буй гэмт хэргүүд олон байгаа нь аюул учруулж байгаа талаар Базелийн хорооны зөвлөмжид дурджээ. (Basel Institute on Governance 2021). Европын Холбооны хууль хүчний агентлаг буюу European Union Agency for Law Enforcement Cooperation (Europol)-оос мэдэгдэж буйгаар, виртуал хөрөнгө нь олон төрлийн хууль бус үйл ажиллагааны төлбөр тооцоог хялбаршуулахад ашиглагдаж байгаа талаар тийм ч таатай бус мэдээллүүдийг дурджээ. Үүнд, мансууруулах бодисын худалдаа, dark web[2] дээрх хууль бус бүтээгдэхүүний худалдаа, кибер гэмт хэрэг, хүний наймаа гэх мэт орж байна.
Түүнчлэн, террорист бүлгэмүүд виртуал хөрөнгийг мансууруулах бодисын худалдаа, зэвсгийн худалдаа, болон хар зах дээрх бусад бүтээгдэхүүний худалдаандаа терроризмыг санхүүжүүлэхэд ашигласан кейсүүд их байдаг байна. Үүнд:
- “Fund the Islamic Struggle without Leaving a Trace” гэсэн нэр бүхий dark web-ээр Jihadis[3] бүлгэм рүү Bitcoin шилжүүлсэн тохиолдол гарч байжээ.
- “Bitcoin wa Sadaqat al Jihad” гэсэн нэртэй Өмнөд Америкаас Зүүн Европ дахь Jihadis бүлгэм рүү хэрхэн Bitcoin шилжүүлэх талаар ном бичигдсэн байдаг байна.(Weimann G 2016)
- Bahrun Naim гэх нэртэй этгээд нь 2016 оны Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хот дахь террорист ажиллагааг зохион байгуулах санхүүжилтээ Bitcoin-оор хийжээ. (Hasbi A. H., Mahzam R-Nanyang Technological University 2018)
- Исламын улс, бүлэглэл нь Bitcoin-ыг ашиглан хөрөнгө, мөнгө босгож, Европт террорист үйл ажиллагаа хийж байсан. (Teichmann F. M. J 2018)
- Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улс бусад улс орноос илүүтэйгээр террорист бүлгэмүүд болон мансууруулах бодисын худалдаа эрхлэгч нар Bitcoin-г ашигладаг талаар 2020 онд хийгдсэн нэгэн судалгаанд дурдсан байна. (Misra S., Kashyap V., Poonacha K. B. et al. 2020)
Мөн, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу Financial Action Take Force (FATF)-аас виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарыг дараах ноцтой Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх (МУТС) эрсдэлүүдийг бий болгож байна гэж үзсэн байдаг. (Financial Action Take Force 2019)
- Виртуал хөрөнгийн шилжүүлэг нь уламжлалт төлбөр тооцооноос илүү шилжүүлэгч, хүлээн авагчийн нэр нууцлагдсан, мэдээлэл нууцлаг, хязгаарлагдмал байдаг.
- Виртуал хөрөнгийн шилжүүлгийн систем нь интернэт орчинд хийгддэг, алсын зайнаас non-face-to-face хэлбэрээр хийгддэг нь KYC хийх боломжийг бууруулж байдаг.
- Хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлоход хүнд, гуравдагч этгээдийн өмнөөс төлбөр тооцоо шилжүүлэх боломжтой байдаг.
- Шилжүүлэгч, хүлээн авагчийн талаар бүрэн мэдээлэл агуулаагүй гүйлгээ дамжуулах боломжтой.
- Төвлөрсөн зохицуулагч байгууллага одоогоор байхгүй ба Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) хяналтыг хэрэгжүүлэх программ хангамж зохиогдож амжаагүй буюу сэжигтэй гүйлгээг таньж мэдэх боломж дутмаг.
- Дэлхийг хамарсан төлбөр тооцоо дамжуулах боломжтой.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хандахад амар хэдий ч цар хүрээний хувьд олон төрлийн байгууллагыг хамарсан, олон улс орныг хамарсан байдаг тул хариуцлагыг ногдуулах эцсийн этгээдийг тогтооход хүндрэлтэй.
Түүнчлэн эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар дараах шалтгаануудын улмаас виртуал хөрөнгө нь гэмт этгээдүүдийн бай болоод байгаа юм.
- Нэр, бүртгэлгүй байдал
- Төвлөрсөн бус байдал
- Глобалчлал (Feng S. 2019)
- Бага хүү, шимтгэл (Eaddy A-Unpublished undergraduate thesis, Haverford College. 2019)
- Venture capital бий болгох (Baron J., O’Mahony A., Manheim D., Dion-Schwarz C- RAND Corporation—NDRI. 2015)
- Виртуал хөрөнгөөр dark web дээр төлбөр шилжүүлэх боломжтой байдаг (Teichmann F. M. J 2018)
Олон улсын зохицуулагч байгууллагуудаас виртуал хөрөнгө, түүний холбогдох үйлчилгээг үзүүлэгчдээс үүсэж буй МУТС эрсдэлийг үндэслэн, банк, санхүүгийн байгууллагуудыг дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөсөн байдаг.
Зөвлөмжийн дагуу дараах бизнесийн үйл ажиллагааг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тооцохыг зөвлөж байна. Үүнд:
- Виртуал хөрөнгийн бирж,
- Initial Coin Offering (ICO) буюу Койн гаргах үйл ажиллагаанд зөвлөх, зохицуулах зэргээр оролцох байдлаар ямар нэг байдлаар үр ашиг хүртэж буй этгээд.
Мөн, олон улсын зөвлөх байгууллагуудаас виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой дараах харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хийж, хяналт тавьж байхыг зөвлөж байна. Үүнд: (ACAMS LLC 2020)
- Харилцагчийн бизнесийн шинж чанарыг ойлгох,
- Эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч нарыг таньж мэдэх, судлах,
- Улсын бүртгэл дэх мэдээллийг баталгаажуулах,
- Харилцагчийн тус үйл ажиллагаа нь хуульчлагдсан эсэхийг баталгаажуулах,
- Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан ажиллагааг хийж, байнгын хяналтад байлгах.
Хууль эрх зүйн хүрээнд авч үзвэл, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд, банкууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотой дараах арга хэмжээнүүдийг авч ажиллах боломж байгаа юм. Үүнд:
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хориглосон зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй тул Банк тэдгээртэй гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлж байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй аливаа хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль журам байхгүй нь Банкийг МУТСТ хууль, Монголбанкны МУТС-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ авахад хязгаарлалт болохгүй байна.
- МУТСТ хууль, Монголбанкны МУТС-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын хүрээнд тус харилцагчдыг МУТС өндөр эрсдэлтэй харилцагч гэж үзэх, гүйлгээнд тусгайлсан хяналт хийх, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан ажиллагаа хийх эрх болон үүрэг банкуудад байна.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их хурлын цахим хэлэлцүүлэг буюу www.parliament.mn сайтад байршсан байсан ба хуулийн газраас тус хуулийн төсөлтэй танилцахад, уг хуулийн төсөл нь виртуал хөрөнгийн тодорхойлолтыг Олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлж, түүгээр үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах, Монгол Улсад бүртгэлтэй компани Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улс руу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, цаашлаад тэдгээрт тусгай зөвшөөрөл олгох, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд хамааруулах зэрэг зорилготой байх ба Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарыг МУТСТ хяналт, хөтөлбөртэй байх, автомат хяналтын системтэй байх, эрсдэлийн үнэлгээ хийдэг байх гэсэн шаардлагыг хангасан байна гэж заажээ.
Дэлхийн банкны статистикаас харахад, виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн гүйлгээний дийлэнх хувь нь Австрали, АНУ, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Дани, Лихтенштейн, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон гэх улсуудаар дамжжээ. Эдгээр улс орнуудын МУТС эрсдэлийн талаар судалж үзэхэд, АНУ-ын US Department of State-ээс гаргасан Narcotics Control Strategy Report-д Primary concern буюу мансууруулах бодисын худалдаа, дотоодын гэмт хэрэг ихтэй улс, орон гэх ангилалд, Лихтенштейн болон Сингапур улсууд нь оффшор, БНХАУ-ын хувьд АНУ-ын хэсэгчилсэн хориг арга хэмжээнд орсон улс гэсэн байна.
Энэхүү эсээний хүрээнд хийсэн судалгааг дүгнэвээс, виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт үйлчилгээ үзүүлэх нь МУТС өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд тооцогддог ба тус үйл ажиллагаа эрхлэгчдийн харьцаж буй улс, орон, хийж буй гүйлгээний хэв шинж, бүртгэл, төлбөр тооцооны схем зэрэг нь бүгд МУТС эрсдэлийг үүсгэх нөхцөлийг хангаж байна.
Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээс үүсэж буй МУТС эрсдэл, түүнтэй холбоотойгоор олон улсын зохицуулагч байгууллага, эрдэмтэн судлаачдын өгч буй зөвлөмж болон банкны комплайнсын нэгжид ажилласан хувийн туршлагад үндэслэн, миний зүгээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд дараах хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа юм. Үүнд:
Улсын хэмжээнд:
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гаргах. Уг хуульд тус төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн зохицуулагч байгууллагыг тодорхойлж, банкуудтай адил МУТСТ хөтөлбөр хэрэгжүүлж, МУТСТ тухай Монгол Улсын хуулийг дагаж мөрддөг байх талаар тусгаж, хууль эрх зүйн орчныг зохицуулж өгөх.
Зохицуулагч байгууллагын хэмжээнд:
- Банкуудыг нэгдсэн чиглэлээр хангаж, хамтран ажиллах,\ банкуудад тус төрлийн харилцагчийн гүйлгээ, үйлдлээс татгалзах эрхийг хангалттай түвшинд бүрдүүлж өгөх.
Банкуудын хэмжээнд:
- Тус үйл ажиллагаа эрхлэгчидтэй холбоотой хууль зүйн орчин бүрдээгүй энэ үед, банкууд бизнесийн газар, нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, арилжааны банкууд нэгдсэн нэг чиглэл, аргачлалыг гаргах шаардлагатай гэж үзэж байна.
- Харилцагчийн МУТС өндөр эрсдэлтэй харилцагч гэж үзэж, гүйлгээнд тусгайлсан хяналтыг тавьж, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан ажиллагааг авч хэрэгжүүлэх.
- Тус төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдтэй тусгайлсан гэрээ байгуулах. Гэрээнд, уг этгээдүүдийг МУТСТ хөтөлбөр, бодлого, журамтай байх, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, данс, гүйлгээний хяналтыг хэрэгжүүлдэг байхыг шаардах. Мөн банкууд тус харилцагчийн аливаа үйлдэл, гүйлгээг МУТС өндөр эрсдэлтэй гэж үзвэл аливаа тодорхой тайлбарыг өгөлгүйгээр татгалзах эрхтэй байх талаар тусгах.
- Мөн тус этгээд нь харилцагч болсон тохиолдолд, улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж, тэдгээрийн бүртгэл болон гүйлгээний талаар, гадаад харилцагчийн бүртгэл болон гүйлгээний талаар, байгууллага-харилцагчийн бүртгэл болон гүйлгээний талаар болон сэжигтэй гүйлгээг таньж, тэдгээрийн талаар тайлан ирүүлж байхыг шаардах.
[1] Fiat вальют: Алт, мөнгө гэх аливаа биет хөрөнгөөр баталгаажаагүй, гаргасан Засгийн газраараа баталгаажсан Засгийн газрын вальютыг хэлнэ. (The Financial Times Ltd 2021)
[2] Тодорхойлолт (dark web): Тусгайлсан веб браузераар хандах боломжтой нууцлагдсан интернэт сайтын цуглуулгын хэлнэ. Интернэт орчинд болж буй үйлдлийг нууцлагдмал, эцсийн хэрэглэгчийг нуух зорилгоор ашиглагддаг ба хэрэглээ нь хууль ёсны болон хууль ёсны бус байж болдог байна. Зарим этгээд Засгийн газрын хяналтаас хол байхын тулд ашигладаг бол ихэнх тохиолдолд өндөр зэрэглэлийн нууц, хууль бус үйлдлийг нуун далдалхад ашигладаг.
[3] Тодорхойлолт (Jihadis): Амиа золиослох замаар террорист үйл ажиллагаа явуулж буй бүлгэмийг хэлнэ. (Guardian News & Media Limited 2017)
Эх сурвалж:
Acams LLC. 2020. Virtual Currencies2Regulation and Terrorist Financing Risks.
Baron J., O’Mahony A., Manheim D., Dion-Schwarz C- RAND Corporation—NDRI. 2015. National Security Implications of Virtual Currency: Examining the Potential for Non-State Actor Deployment. Santa Monica. Santa Monica.
Basel Institute on Governance. 2021. Cryptocurrencies and Money Laundering Investigation. 08 06.
Eaddy A-Unpublished undergraduate thesis, Haverford College. 2019. Innovation in Terrorist Financing: Interrogating Varying Levels of Cryptocurrency Adoption in al-Qaeda, Hezbollah, and the Islamic State.
Feng S., Ding J-International Financial Research. 2019. ‘Money Laundering Risk in Digital Cryptocurrency Transactions: Evidence and Enlightenment.’ .
Financial Action Take Force. 2021. International Standards on Combating Money Laundering and the Finance of Terrorism and Proliferation. Paris, June.
Financial Action Take Force. 2019. Virtual Currencies: Key Definition and Potential AML/CTF Risks. Paris, France, June.
Financial Action Task Force. 2021. The Glossary of the FATF Recommendations. Paris, 11 03.
Financial Action Task Force. 2021. Virtual Assets and Virtual Asset Service Providers. Paris, France, 10.
Guardian News & Media Limited. 2017. Guardian News & Media Limited. 04. https://www.theguardian.com/news/2017/apr/13/who-are-the-new-jihadis.
Hasbi A. H., Mahzam R-Nanyang Technological University. 2018. Cryptocurrencies: Potential for Terror Financing (RSIS Commentaries, No. 075). Singapore.
Misra S., Kashyap V., Poonacha K. B. et al. . 2020. ‘CryptoCurrency: A Black and White Analysis.’ International Journal of Information Systems and Social Change.
Teichmann F. M. J. 2018. Financing Terrorism through Cryptocurrencies—A Danger for Europe?.’ Journal of Money Laundering Control.
The Financial Times Ltd. 2021. Financial Times. 07 03. https://www.ft.com/content/5e5b2afb-c689-4faf-9b47-92c74fc07e66.
Weimann G. 2016. ‘Going Dark: Terrorism on the Dark Web.’ Studies in Conflict & Terrorism.
Leave a Reply