“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аян эхэллээ
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1924 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан, сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2012 онд нэгдэн орж байсан бол 2017 оноос тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон билээ.
Энэ жилийн хувьд, аяны нээлт аравдугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод эхэлж, Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбэрг, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
“Иргэн баян бол улс баян” гэж монголчууд бид ярьдаг. Хуримтлалтай байх нь тухайн нэг хүнийг ирээдүйд учирч болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалах ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр иргэн нэг бүрийн хуримтлал нь нийлээд үндэсний хэмжээний хуримтлалыг бүрдүүлж, улс орны эдийн засгийн дархлаа, чадавхыг бий болгодог. Тиймээс ч, дэлхий дахинд хөгжлөөрөө тэргүүлж буй Швейцарь, Швед, Герман зэрэг орнуудад иргэдийнх нь 95-аас дээш хувь нь хуримтлалтай байдаг. Мөн өрх, айлууд нь нийт орлогынхоо 10 хүртэлх хувийг тогтмол хуримтлуулдаг гэсэн судалгааг “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-аас гаргажээ.
Харин манай улсын хувьд, 2020 оны байдлаар нийт өрхийн 31.9 хувь нь хадгаламжтай болохыг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд, Ковид-19 цар тахлын энэ цаг үед хүн төрөлхтөн олон зүйлийг ойлгож, ухаарсны нэг нь гэнэтийн эрсдэлд хуримтлалтай байх нь ямар чухал болохыг маш олон хүн биеэрээ мэдэрч байна. Ази болон Европын орнуудад хийсэн “Ковид-19 цар тахал хадгаламж эзэмшигчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж буй судалгаа”-наас иргэд хуримтлалаа энгийн үеэс илүү нэмэгдүүлж байгааг тогтоожээ.
Leave a Reply