Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Монгол Улсын Гавьяат эдийн засагч боллоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан салбар салбарын  нэр бүхий эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Тухайлбал, Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад Монгол Улсын банкны салбар хийгээд нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж цаашид ажиллаж хөдөлмөрлөх идэвх, санаачилгыг сайшаан дэмжиж, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол тэмдгийг хүртээлээ.

Р.Мөнхтуяа нь ажил хөдөлмөрийн гараагаа 1994 оноос Монгол даатгал болон Сэргээн босголт банкны нягтлан бодогчоор эхлүүлж, 2000 оноос ХААН Банкны төв салбарт Нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, Санхүүгийн удирдлагын газрын захирал, Санхүү эрхэлсэн дэд захирал, Хүний нөөц, захиргааны асуудал хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч, Байгууллагын банк хариуцсан дэд захирал, 2012-2020 онд Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байгаад, 2020 оноос ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн тухайн жилдээ Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр банкны салбарт тасралтгүй 30 дахь жилдээ үүнээс ХААН Банканд 24 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж буй  мэргэжлийн туршлагатай банкир, салбарын залуу мэргэжилтнүүдэд үргэлж үлгэр дууриал үзүүлдэг ментор нь юм.

Түүний удирдсан ХААН Банк нь сүүлийн 6 жил дараалан Монгол Улсын шилдэг аж ахуй нэгжийн 4-т, сүүлийн жилд 2-рт эрэмбэлэгдсэн бөгөөд 2022 оны байдлаар олон улсаас:

  • Euromoney сэтгүүлийн 2022 оны Монгол Улсын шилдэг банк;
  • Global Finance сэтгүүлийн 2022 оны Монгол Улсын шилдэг кастодион банк болон Монгол Улсын жижиг дунд бизнесийг дэмжигч банк;
  • Asiamoney сэтгүүлийн 2022 оны Монгол Улсын шилдэг банк;
  • Global Business сэтгүүлийн 2022 оны Монгол Улсын шилдэг цахим банк;
  • Global Banking and Finance Review зэрэг сэтгүүлийн 2022 оны Шилдэг инновацлаг аппликэйшнтэй арилжааны банк, Монгол Улсын шилдэг цахим банк, Хурдацтай өсөж буй шилдэг 100 банк;
  • Азийн хөгжлийн банкны 2022 оны Монгол дахь шилдэг хамтрагч, Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк зэрэг нэр хүндтэй шагналыг тус тус хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.

Та дараах төрлүүдээс сонгож хуваалцаж болно

Таны уншиж буй мэдээллийн линк

Хуулах