Монголын банкны холбоо, Зангиа академи олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллана

Монголын банкны холбоо, Зангиа академи хамтран бүх нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн боловсрол” сэдвийн хүрээнд 11 цуврал, үнэ төлбөргүй сургалтын контент хийх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Ийнхүү хамтран ажиллах гэрээнд Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Зангиа портал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Баяр нар гарын үсэг зурав.

Монголын банкны холбоо нь олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд сургалт, судалгаа, контент түгээх зэргээр олон төрлийн ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Тэр дундаа, “Дэлхийн мөнгөний долоо хоног”, “Дэлхийн хуримтлалын өдөр” гэсэн бүх нийтийн санхүүгийн боловсролын ач холбогдлыг сурталчилан таниулах зорилготой олон улсын аянуудыг банкны салбарын хэмжээнд болон улс орон даяар жил бүр зохион байгуулдаг билээ.

Зангиа академи нь мөн хувь хүний хөгжил, мэргэжил боловсролоо дээшлүүлэхийг зорьж буй залуучуудад зориулан богино хэмжээний сургалт, хичээлийг цахим хэлбэрээр түгээж бүх нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.

Санхүүгийн боловсролтой байх нь зөвхөн хувь хүний санхүү, ирээдүйтэй холбоотойгоос гадна иргэдийн гаргасан санхүүгийн шийдвэрүүд нь эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нэмэгдэж, эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө. Ийнхүү олон нийтийн санхүүгийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үйлсэд хоёр байгууллага хамтран хувь нэмрээ оруулах үүднээс үнэ төлбөргүй цуврал контентыг бэлтгэн хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy