МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГАА 2024

Манай Улсын эдийн засаг уул уурхайн салбарын идэвхжилийн үе, мөчлөгийн дараах банкны салбарын тэлэлт, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа зэргээс ихээхэн хамаарч ирсэн бөгөөд дээрх гурван салбарын хувьд эдийн засгийн голлох ачааг нуруун дээрээ үүрсээр иржээ. Эдгээрээс банкны салбарын хувьд эдийн засгийн мөнгөний эргэлтийг зохицуулдаг, зуучлагчийн үүргийг гүйцэтгэж буй тул тулгарах асуудлууд нэлээдгүй байдаг.

Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр санхүүгийн салбар тэр дундаа банкны салбар нь асар хурдацтайгаар дижитал шилжилтийг эрчимтэй хийж бүхий л үйл ажиллагаандаа технологийн шинэчлэлийг ашиглахад ихээхэн анхаарлаа хандуулж байна. Гэсэн хэдий ч Монгол Улс хүүгийн түвшин өндөр улсуудын дотор байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн дундаж зээлийн хүүгийн түвшин, хадгаламжийн хүүгийн түвшин болон инфляцын түвшингээр дэлхийн хэмжээнд эхний 15 дотор байсаар иржээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 онд зээлийн хүүг бууруулах стратеги баталж хууль, эрх зүйн шинэчлэлт хийхээс гадна, макро эдийн засгийн орчинг тогтвортой байхад чиглэсэн арга хэмжээ авч ажилласан хэдий ч цар тахлын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүг хангалттай хэмжээнд бууруулж чадаагүй бөгөөд цаашид ч зээлийн хүүг хэрхэн бууруулах, банкны салбарын өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, бүс нутагтаа санхүүгийн зах зээлийн томоохон бүс болоход юу шаардлагатай вэ гэдгийг дахин тодорхойлох хэрэгцээ шаардлага гарч ирсэн.

Судалгааны эхний хэсэгт, Банкны өрсөлдөх чадварын индексээр түүвэрт сонгогдсон улсуудын ранкийг гаргасан. Тус хэсгээс нэгдсэн индекс, түүний бүрэлдэхүүн болох дэд индексээр улс орнуудын жагсаалтыг харах боломжтой. Түүнчлэн, банкны өрсөлдөх чадварын индекс тооцох арга аргачлал, бүрэлдэхүүн хэсгийн үзүүлэлтийг хэрхэн сонгосныг энэ бүлгээс унших
боломжтой.

Банкны өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс нь 2019 онд 37-н улсаас 28-д байсан бол 2024 оны судалгаагаар 9-р байранд бичигдэж 18 байр урагшилжээ. Бүс нутгийн 5 орноос 1-р байр, уул уурхайн хамаарал бүхий 21 орноос 6-р байр, дунджаас дээгүүр орлоготой 14 улсаас 3-р байрыг тус тус эзэлж өмнө хийж байсан судалгаатай харьцуулахад банкны салбарын өрсөлдөх чадвар эрс сайжирчээ.

Харин банкны өрсөлдөх чадварын индексээс макро орчны хүчин зүйлийг хасаж тооцоход (инфляц, гадаад өрийн үзүүлэлт гэх мэт) үр дүн нэлээд анхаарал татав. Тодруулбал, тус индексээр Монгол Улс 37 улсаас 3-р байр, Бүс нутгийн 5 орноос 1-р байр, уул уурхайн хамаарал бүхий 22 орноос 2-р байр, дунджаас дээгүүр орлоготой 14 улсаас 1-р байрыг тус тус эзэлжээ.

Та бүхэн судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy