“Тэрбум мод” хөдөлгөөнд банк, санхүүгийн байгууллагууд нэгдэж байна

Монголын банкны холбоо, Холбооны гишүүн банк, санхүүгийн байгууллагууд, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо, Банк санхүүгийн академи зэрэг байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хэмжээний хөдөлгөөнд нэгдлээ.

Энэ жил Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд банкууд баярлан тэмдэглэхээс илүүтэй нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл ажиллагаануудыг оны эхнээс эхлэн шат, дараатай зохион байгуулж байгаа билээ. Нөгөөтэйгүүр арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд тэргүүлэн ажилладаг. 2018 онд банкууд нэгдэн Монголын тогтвортой санхүүжилтийн холбоог үүсгэн байгуулж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тиймээс ч улс орон даяар өрнөж буй “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд ийнхүү манлайлан оролцож байгаа тухай Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцолсон. Тэрбээр мөн цаашлаад мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүжилтийн тогтолцоо, эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Монгол Улсын хувьд, жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд цельсийн 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон болохыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тэгвэл цаашдаа зөвхөн ийнхүү нэг удаагийн мод тариад өнгөрөх бус уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс 2022 оны төсөвт Ойн агентлагийг байгуулж, усалгаа, арчилгааны ажлын зардлыг тусгана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлсэн.

Банк, санхүүгийн салбарын хэмжээнд 20 гаруй байгууллага үндэсний хэмжээний хөдөлгөөнд нэгдэн оролцож Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны Бумбатын булаг орчмын газарт 2000 гаруй суулгац, мод тарилаа. Ковид-19 халдварын тархалт өндөр байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон хүний бөөгнөрөл үүсгэлгүйгээр байгууллага тус бүрийг цагийн хуваарийн дагуу, хуваарилсан газарт мод, суулгац тарих үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy