УИХ-ын 2012 оны намрын чуулганаар хэлэлцэгдэх Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийн танилцуулга

УИХ-ын 2012 оны намрын чуулганаар Хадгаламжийн даатгалын тухай хууль, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хадгаламжийн даатгалын хуулийн төсөл нь нийт 7 бүлэгтэй бөгөөд дараахь бүтэцтэй юм. Үүнд:

Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл Энэ бүлэгт хуулийн зорилт, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, хадгаламжийн заавал даатгал, даатгалын тохиолдол, даатгагдах хадгаламж болон даатгагдах хадгаламж эзэмшигч, даатгагдах хадгаламжийн хэмжээ, даатгагдсан хадгаламжийн нөхөн олговрын тооцооллын талаар тусгажээ.

Хоёрдугаар бүлэг: Хадгаламжийн даатгалын сан Энэ бүлэгт хадгаламжийн даатгалын сан, түүний хөрөнгийг бүрдүүлэх болон хэрхэн зарцуулах, мөн түүний хөрөнгө оруулалтын талаарх зохицуулалтууд тусгагдсан байна.

Гуравдугаар бүлэг: Хадгаламжийн даатгалын корпораци Тус бүлэгт хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, бүрэн эрхийн талаар зохицуулалтыг тусгажээ.

Дөрөвдүгээр бүлэг: Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлага, зохион байгуулалт Энэ бүлэгт корпорацийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, түүний ажиллах хэлбэр, бүрэн эрх болон корпорацийн үйл ажиллагаанд тавих хяналтын талаар зохицуулалтыг тус тус тусгасан байна.

Тавдугаар бүлэг: Гишүүн банкны хүлээх үүрэг Энэ бүлэгт арилжааны банкуудын хадгаламжийн даатгалын харилцаанд хүлээх үүргийг тусгасан бөгөөд тухайлбал тайлан, мэдээ, мэдээллээр хангах, даатгалын хураамж, эрсдэлд суурилсан даатгалын хураамжийн төлбөр төлөх зэргийг дурдаж болно.

Зургадугаар бүлэг: Хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох, шаардах эрх шилжих Энэ бүлэгт хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох, хадгаламж эзэмшигчийн шаардах эрх шилжихтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан байна.

Долдугаар бүлэг: Хариуцлага Тус бүлэгт хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын төрөл болон хэмжээг тодорхой зааж өгчээ.

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгагдах төгрөгийн эсхүл валютын хадгаламжийн хэмжээг 20 сая төгрөгөөр тогтоосон байх бөгөөд энэхүү хэмжээг Засгийн газраас нэмэгдүүлэн тогтоож болохоор тусгажээ.

Хадгаламжийн даатгалын санг ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд Хадгаламжийн даатгалын корпораци төвлөрүүлэн зарцуулах бөгөөд тус корпорацийн удирдах хороо нь Төв банк, Сангийн яам болон МБХ-ноос нэр дэвшүүлсэн төлөөлөл бүхий 6 гишүүнээс бүрдэж байхаар мөн хуулийн төсөлд заасан байна.

Арилжааны банкуудын хувьд даатгалын хураамжийг төлөх, хадгаламжтай холбоотой тайлан мэдээллийг тухай бүр хүргүүлэх үүрэгтэй. Даатгалын хураамж нь эхлэлтийн, улирлын болон онцгой гэсэн 3 төрлийн хураамжаас бүрдэх бөгөөд эхлэлтийн хураамж нь банкны дүрмийн сангийн доод хэмжээний 1 хувьтай тэнцэх хэмжээний, улирлын хураамж нь даатгагдах хадгаламжийн дундаж дүнг улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнгээр, даатгагдсан хураамжийг нөхөн төлөхөд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Удирдах хорооноос онцгой хураамж авах, энэ хэмжээ нь жилийн 0,5 хувиас хэтрэхгүй байхаар тусгажээ.

Удирдах хорооноос дараа жилийн улирлын хураамжийн хувийг 0,125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоох, хэрэв хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө нийт даатгагдах хадгаламжийн 20 хувьд хүрвэл Корпораци улирлын хураамжийг хуримтлуулахыг түр зогсоож болохоор мөн заасан байна.

Үүнээс гадна Корпораци нь тус хуулийн дагуу банкны эрсдэлийн түвшинг аргачлалын дагуу тогтоож, түүнээс хамааран банкнаас авах хураамжийг ялгаатай хувиар тогтоох, мөн түүнчлэн эрсдэлд суурилсан хураамжийг авах юм.

Даатгагдсан хадгаламжийн тооцооллыг хийхдээ тухайн банкинд эзэмшиж буй нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд эргэн төлбөл зохих зээлийн төлбөр, хүүгийн хамт хасч тодорхойлохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Та бүхэн холбогдох хуулийн төслийг эндээс үзнэ үү.

 

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy