Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Төрөөс мөнгөний бодлогын талаар

2014 онд баримтлах үндсэн чиглэл

батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7     дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Төсвийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын урсгалыг     сайжруулан, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т, эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжиж ажиллахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай.

 3.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн    газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгуур бүхий, зохистой     болгох, чөлөөт өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/эдийн засгийн бодит салбарын идэвхжлийг дэмжих зорилгоор “Зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

3/бичил, жижиг, дунд бизнесийн  санхүүжилтийг дэмжиж ажиллах;

4/валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;

5/валютын захад банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчийг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын     арилжааны  тогтолцоог бий болгох;

6/Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор макро зохистой бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлэн, санхүүгийн салбарын байдлыг улирал бүр олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллах.

 4.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

                        1/Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт иж бүрэн     дүн шинжилгээ хийх,  түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараатай шилжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, хөтөлбөр хэрэгжиж байгаа салбарт өрсөлдөөний шударга бус орчин   бий болохоос урьдчилан сэргийлэх,  ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах;

2/улсын гадаад өр, түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, эрсдэлээс хамгаалах механизм бий болгох;

3/төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн боловсруулах.

 5.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Н.Золжаргал/-нд  даалгасугай:

1/Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүний өөрчлөлтөд нөлөөлсөн    хүчин зүйлийн шинжилгээг тогтмол хийж, зээлжих зэрэглэлийг сайжруулах   чиглэлээр зөвлөмж боловсруулан, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулж байх;

 2/Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх, засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хараат бус гишүүд бүхий мөнгөний бодлогын зөвлөлийг бий болгох чиглэлээр Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах;

  3/Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны үр      дүн, шийдвэр гаргах механизм, хариуцлагын тогтолцоог сайжруулах, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, санхүүгийн салбарт үүсч болзошгүй эрсдэлийг үнэлэх, түүнээс хамгаалах бодлогын уялдааг хангах үр дүнтэй институци болгох чиглэлээр Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон холбогдох бусад хуульд  өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах.

6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой  хууль тогтоомжийг Олон улсын байгууллага /ФАТФ/-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх, Монгол Улсын үнэлгээг дээшлүүлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах, холбогдох журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай.

7.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.

 8.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ

 ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын 2013 оны

 62 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР

2014 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

            Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, бодит салбарын идэвхжлийг мөнгөний бодлогоор дэмжих замаар эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ.

            1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

            1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8  хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрэхгүй түвшинд байлгана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу инфляцийг хязгаарлах, мөнгө, төсвийн бодлогын харилцан уялдааг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана.  Эдгээрийн үр дүнд дунд болон урт хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

            1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтална.

            1.3.Гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.

            2.Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

            2.1.Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, системийн шинжтэй эрсдэлээс хамгаалах чадавхыг нэмэгдүүлнэ.

            2.2.Олон улсад мөрддөг зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагаатай уялдуулан, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг сайжруулна.

            2.3.Банкны эрсдэл, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  банкны зээлийн барьцаа хөрөнгийн болон зээл, хүүгийн зардлыг нэмэгдүүлж    байгаа бусад хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг шинэчилнэ.

            3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх       хүрээнд:

            3.1.Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлнэ.

            3.2.Санхүүгийн зах зээлийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах, олон  нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох  байгууллагатай хамтран эхлүүлнэ.

            3.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гаргасан шийдвэрийг олон нийт, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх замаар бодлогын үр нөлөөг сайжруулна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy