Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр BloomberTV-д ярилцлага өглөө

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын эхний өдөр Монгол улсын хууль эрх зүйн орчин, гадаадын шууд хөрөнгө оруулалтын цаашдын төлөвийн талаар голчлон хэлэлцсэн бол өнөөдрийн хувьд Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв байдал болон цаашлаад дэд бүтэцийн бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна. Энэхүү чуулга уулзалт болон Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцахаар Блүүмбергийн Хонг Конг дахь студиэс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал холбогдоход бэлэн болсон байна.

Монгол дахь хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Хөрөнгө оруулалтын хууль баталж байгаатай давхцаж байгаагаараа онцлог болж байна. Таны анзаарсанаар хөрөнгө оруулагчдын хандлага ямар байна вэ?

Жил бүр 10 сарын сүүл 11 сарын эхээр энэ хурал зохион байгуулагддаг. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт ямар байгаагаас шалтгаалаад жил бүр хамрагдах хүний тоо, хэлэлцэх асуудлууд ялгаатай байдаг. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн, хүмүүсийн тоо ч олон болсон байна. Мөн Оюу Толгой, ханш болон шинэ хөрөнгө оруулалтын хуулийн тухай асуултууд голлож байна. Монгол улсыг төлөөлж оролцож байгаа хүмүүсийн хувьд боломжийнхоо түвшинд хариултуудыг өгөөд явж байна.

Та өндөөдөр Монгол улсын эдийн засгийн ирэх чиг хандлагын талаар илтгэл тавьсан байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх 5 жилийн Монгол улсын эдийн засгийн төлөвийг ямар байдлаар хүлээж авч байна вэ?

Таван жил гэдэг бол урт хугацаа. Тийм түвшинд хийхгүй боловч холбогдох судалгаа шинжилгээ байгаа. Өнөөдрийн хувьд бид 2013 онд юу хийж, ямар үр дүнд хүрэв гэсэн асуудлыг голлож үүндээ ДНБ-ий 11%-ийн өсөлт хэрхэн бий болсон тухай ярилаа. Үүнд 2013 онд мөнгөний орчин яаж өөрчлөгдөв, инфляци болон үүнд хамаарагдах хүнс шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдөв, чиглэсэн зорилгодоо хүрч чадав уу зэрэг асуултуудад хариулахыг оролдлоо. Мөн 2013 онд шинээр хэрэгжүүлсэн Мөнгөний бодлогын арга хэмжээг цаашид 2014 онд хэрэгжүүлбэл ямар үр дүнд хүрэх бол гэсэн асуултуудыг ч тавьж байлаа. Бидний хувьд хийсэн ажлаа тайлагнаж, ойлгууллаа. Мэдээж үр дүн байгаа, 11%-ийн эдийн засгийн өсөлт гэдэг бол бага зүйл биш. Мөн цаашид хөрөнгө оруулагчдын зүгээс бодитой ямар ямар хүлээлтүүдийг тавьж болох эсэх талаар ч хариулт өгөхийг оролдлоо.

Тэгвэл Мөнгөний бодлогын хувьд олон улсын хэмжээнд АНУ, Англи, Европоос ч гэсэн мөнгөний зөөлөн бодлого баримтлах чиг хандлагатай байгаа. Гэтэл Монгол улсын хувьд Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас мөнгөний бодлогоо чангаруулах шаардлага байна гэж удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл таны хувьд яг аль модель нь зөв гэж харж байна вэ?

Үүнд хоёр асуудал байдаг. Бид мөнгөний бодлогыг чангаруулж эсвэл зөөлрүүлэхээсээ илүү ямар зорилгод хүрэх гээд байгаа вэ гэдэгт илүүтэй анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид өнгөрсөн онд хэлж байсан, энэ оны мөнгөний бодлогод ч тусгасан. Энэ бол эдийн засгийн тогтвортой хөгжил юм. Ингэхдээ дунд давхрагадаа сөрөг нөлөөгүй, шууд үнийн өсөлтийг дагуулдаггүй тийм эдийн засгийн хөгжлийг бид бий болгох ёстой. Олон улсын валютын сангийн хувьд манай улсын инфляцийг энэ онд 16%-тай байх болов уу гэж дүгнэж байсан. Гэтэл бид 10%-ийн инфляцитай байгаа. Тэгэхээр тэдний санал болгож байгаа зүйл болон бидний бодит байдал хоёрын дунд зөрүү нийлээн гардаг. Ирэх жилд дэлхийн ихэнх орнуудын авч хэрэгжүүлээд байгаа зөөлөн бодлого амьдрал дээр хэрэгжих үү гэдэг нь л гол асуудал юм. Европ болон АНУ-д мөнгөний зөөлөн бодлого баримтлаад эдийн засаг нь 1-2%-ийн өсөлттэй байгаа бол манай улсад 11%-ийн өсөлтийг бий болгож байгаа нь энэ бодлого манай улсад байг зөв оносон зүйл болсоныг харуулж байна. Нэг хувиар өсгөхийн тулд зөөлөн бодлого баримталж байхад манай улсын арай нэг зөөлөн бодлогоор 11%-д хүрсэн. Тэр улсуудтай харьцуулахад манай бодлогыг зөөлөн гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ.

Мэдээллийн эх сурвалж: www.mongolbank.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy