Банкны салбарт 2022 онд өрнөсөн онцлох үйл явдлууд

Монголын банкны холбооноос 2022 онд банкны салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2022.03.26 “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 10 дахь удаагаа банкны салбарын хэмжээнд өрнүүлсэн бөгөөд арилжааны банкууд олон нийтэд нээлттэй өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, энэ үеэр бүх нийтийн ойрын зайн гүйлт боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) – аас санаачилан 2012 оноос зохион байгуулж буй тус аян нь өнгөрсөн 10 – н жилийн хугацаанд дэлхийн 176 орны 53 сая хүүхэд, залууст хүрчээ.

2022.03.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган” форумын үеэр “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” – г байгуулж, нээлтийн ёслол хийв. 

2022.03.30 “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган” форумын үеэр Монгол Улсын Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга болон Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Гүйцэтгэх захирлаас бүрдсэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг” – ийг батлав. Уг замын зургийг баталснаар 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг банкны салбарт 10%, банк бус санхүүгийн салбарт 5% хүргэх, цаашлаад Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн мэдлэг, манлайллын төв болгох зорилтыг дэвшүүллээ.

2022.05.27 Жил бүрийн зургаадугаар сарын 2 – ны өдөр тохиодог “Банкны ажилтны өдөр” – ийг угтан МБХолбоо болон арилжааны банкууд “Төгс хандлагаа өөрчилье” ТББ – тай хамтран Богд ууланд “Банкируудын төгөл” байгууллаа. 

2022.06 – 08 – р сард Банкны системд нөлөө бүхий таван (Төрийн банк, ХААН Банк, Хасбанк, Голомт банк, ХХБ) банканд активын чанарын үнэлгээг хоёр дахь удаагаа хийлээ. Хараат бус энэхүү үнэлгээг Бүгд Найрамдах Казахстан улсын “PricewaterhouseCoopers Tax & Advisory LLP” компани гүйцэтгэж, үнэлгээгээр 22.2 тэрбум төгрөг буюу ДНБ – ий 0.05% – тай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийг төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Энэ нь 2017 оны активын чанарын үнэлгээний үр дүнгээр гарсан 512 тэрбум төгрөг буюу ДНБ – ий 1.9% – тай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийн шаардлагатай харьцуулахад харьцангуй бага дүн юм.

2022.06 – р сард. Банкны салбарт Их өгөгдлийн систем ( Big Data ) – ийг нэвтрүүлж эхлэв. Улсын төлбөрийн системийн дэд бүтцийг шинэчлэх, үр ашигтай, найдвартай, ирээдүйг дэмжсэн дэд бүтцийг бий болгож, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2016 – 2022 оны хугацаанд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монголбанк нь Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж дуусжээ.

2022.07.24 Монгол Улс “ФАТФ – ын зөвлөмж 15” – ын үнэлгээг ахиулав. Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн (АНДМУТБ) 25 дахь жилийн ээлжит хурлаар, Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Техник хэрэгжилтийн 40 – н зөвлөмжийн нийт 39 – н зөвлөмжид “хангалттай” болон “дийлэнхийг хангасан” гэх сайн үнэлгээтэй болж, АНДМУТБ-ийн гишүүн улсуудаас хамгийн сайн үзүүлэлттэй хоёр дахь улс боллоо. Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах талаар хийсэн ажлын туршлагыг тус байгууллагаас онцолсон байна. 

2022.09.16 Монголбанк, МБХолбооны Хөрөнгө зохицуулалтын мэргэжлийн зөвлөл хамтран “Хөрөнгө зохицуулалтын уулзалт, хэлэлцүүлэг” – ийг зохион байгууллаа.

2022.09.23 Банк санхүүгийн академи, Монголын банкны холбоо хамтран Ази-Номхон далайн банкны институтуудын холбоо (APABI)-ны 20 дахь удаагийн “АПАБИ 2022” чуулга уулзалтыг “Цар тахлын дараах банкны салбар дахь өөрчлөлтүүд” сэдвийн хүрээнд “Туушин” зочид буудалд зохион байгуулав. 

2022.09.30 Төрийн банк нийт хувьцааныхаа 5% – ийг буюу 37,475,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нээлттэй ХК боллоо. Тус банк нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөснөөс  IPO – гийн анхдагч арилжааны захиалга 304.6% буюу давж биелэв. 

2022.10.03 Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулав. Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80% – ийг Монголбанк, 20% – ийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр гаргахаар болов. Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны аравдугаар сарын 1 – ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэв. Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6% – ийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30% – ийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргахаар болов.

2022.10.05 Монголын тогтвортой санхүүгийн (ТоС) холбооноос Санхүүгийн салбарын залуу эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын хөтөлбөрийг Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол Улсын Сангийн яамтай хамтран Монгол Улсын санхүүгийн салбарт анх удаа зохион байгуулав. “Women in Finance Fellowship” хөтөлбөрийн хүрээнд 25-40 насны санхүүгийн салбарт ажилладаг 20 эмэгтэй сонгогдож, долоон сарын хугацаанд манлайллын арга барилд суралцаж, санхүүгийн салбарын лидерүүдээс зөвлөгөө авч, хоорондоо туршлага судалж, санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилт, жендэрийн эрх тэгш байдлыг түүчээлэн хамтран ажиллахаар болов.

2022.10.11 Хуримтлалын ач холбогдлыг таниулан, сурталчилах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг энэ жил “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар өрнүүлж, нээлтийг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгууллаа.

2022.10.22 МБХолбооны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Банк санхүүгийн академи хамтран “Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн” – ийг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.

2022.11.14 ЦХХХЯ, Монголбанк, УПЕГ, ЦЕГ, МБХолбоо хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Unsend – Бүү шилжүүл” аяныг хоёр долоо хоногийн хугацаатай өрнүүлэв.

2022.11.23 Голомт банк нь нийт хувьцааныхаа 10.09% буюу 80,402,743 ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнийг 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож, энэ жил нээлттэй ХК болж буй системийн нөлөө бүхий хоёр дахь банк болов. Тус банкны захиалгын хэмжээ 174.8 тэрбум төгрөгт хүрч, 147.1% – тай биелсэн байна. Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө Голомт банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн зээл, байгаль орчинд ээлтэй ногоон зээл болон орон сууцны зээлийн багцын хэмжээг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

2022.11.25 Банк иргэнээс 69 – н төрлийн лавлагаа, тодорхойлолтыг шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халав. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем (lavlagaa.e-mongolia.mn) – ийг хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхлэлээ. Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч харилцагчаас зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо. 

2022.12.09 Санхүүгийн зохицуулах хорооноос ХААН Банк ХХК-ийн олон нийтэд гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг олголоо.

2022.12.15 “Банк санхүүгийн салбарын Комплаенс форум 2022” долоо дахь удаагаа боллоо. 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy