Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналт

Монголын банкны холбооны Комплайнсын мэргэжлийн зөвлөлөөс зарласан эсээ уралдааны гуравдугаар байранд орсон Капитрон банкны Дархан салбарын теллер Н.Оргилын эсээг хүргэж байна.

Удиртгал

Дэлхий нийтийн цаашдын хөгжил дэвшил хандлагад, Цахим хувьсгал санхүүгийн салбар гэлтгүй өдөр тутам хүний амьдрал, нийгмийн харилцаанд маш хүчтэй нөлөөлж байна. Цахим хувьсгал нь бидний амьдралын хэв маягийг илүү хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх, ертөнцийг үзэх үзлийг өөрчлөн гарч ирж улс орны бодлого, санхүүгийн зах зээлд өөрчлөлтийг бий болгож байна. Энэ нь өөрөө сайн талтай боловч дагаад сөрөг асуудлууд урган гарч ирж байна. Үүний нэг хэлбэр нь виртуал хөрөнгө бөгөөд үүнийг Монгол Улсад хараахан ямар нэгэн байдлаар зохицуулж чадаагүй байна. Виртуал хөрөнгө гэхээр хэн хүний тархинд Биткойн буудаг. Учир нь анх Японд 2013 онд криптовалют хакердуулсан. Түүгээр дамжуулан анх Биткойн гэдэг нэрийг монголчууд дуулж мэдсэн байдаг. Харин дэлхийд Биткойн гарч эхлээд нэгэн аравныг өнгөрөөжээ. Эдгээр он жилүүдэд өсөлт уналтыг дамжин ирсэн байна. Цахим хөгжил технологи даган, өнгөрснөөс өнөөг хүртэл маш олон койн ар араасаа гарч ирж, алдаж, оносон олон хүн байна.

Биткойны өсөлтөд нөлөөлөх маш олон зүйлс байдаг.Дэлхийн аль ч улсын санхүүгийн зах зээлд эрэлт нийлүүлэлт заавал нөлөөлдөг жамтай. Эрэлт их байвал өсдөг, эрэлт багасвал буурдаг зарчимтай. Виртуал хөрөнгийн хувьд эрэлт бий болгосон учир өсөөд байна. Харин эрэлтийг томоохон хөрөнгө оруулагч компаниуд бий болгож байна. Иргэд эрсдэлгүй гэж үзэн том хөрөнгө оруулагчийг дагадаг. Мөн өөр хоорондоо ам дамжин ярилцах замаар хөрөнгө оруулалт хийн оролцсоор байгаа нь эрэлт өсөхөд гол нөлөөг үзүүлж байна. Гэвч  энэ  нь  маш их  эрсдэлийг дагуулах боломжтой. Виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн өсөлт бууралт ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой ухаалгаар хандах хэрэгтэй.

Үндсэн үзэл баримтлал (Үндсэн тайлбар хэсэг)

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2 их наяд төгрөг цахим мөнгөний зах зээл дээр эргэлдэж байна гэсэн тооцоо бий. Дэвшилтэт технологи өөрөө санхүүгийн салбарыг өөрчилж зохицуулалтаас нь гараад явсан бөгөөд төрийн зохицуулалт байхгүй салбар нь виртуал хөрөнгө зохицуулалт болж байна. Одоо манайд мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд авч үзвэл зах зээлд гарч байгаа койнууд, криптовалют төлбөрийн хэрэгсэл болохгүй, харин цахим залиланд өртөх, цэвэр аз сорьсон, иргэд тухайн зах зээл рүү оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэл бий.

Иргэдийн богино хугацаанд их мөнгөтэй болох, мөнгөө түргэн хугацаанд өсгөх гэсэн бодол нь тэднийг санхүүгийн хохирогч болгон хувиргаж байна. Санхүүгийн луйврийн чанартай хохирол Монгол Улсад 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тусам нэмэгдсээр байна. Виртуал хөрөнгө нь цаг, минут, секунд тутамд хэлбэлздэг нь эрсдэл хүлээхэд хэзээд бэлэн байдаг гэсэн үг.

Өнөөдөр Монгол Улсад 2021 оны арваннэгдүгээр сарын эхээр нийт ARD, CHB, IHC, SPC, TRD, ZESC зэрэг 20 гаруй койн, DAX, Trade, Coinhub, Corex, Complex зэрэг 10 орчим криптовалют болон токен хосолсон биржүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байна. Үүнээс 2017 онд Trade.mn анхны цахим бирж болж үүсгэн байгуулагдсан, 2020 онд ARD анхны койн болон гарч ирснээрээ онцлогтой. Монголд одоогоор гарсан койнуудын зах зээлийн нийт үнэлгээг тооцоход улсын нийт эдийн засгаас давчихсан байгаа нь эдийн засагчдын судалгаагаар хөөс болсныг харуулж байна.

Англи, Латин Америкийн Эль Сальвадор, Куба зэрэг улс орнууд л энэ төрлийн зах зээлийг хүлээн зөвшөөрч, мөнгөн тэмдэгтээ болгосныг бид харж байгаа боловч койн нь хэн нэгний алдсан мөнгийг нөгөөх нь авч байгаа мөрийтэй тоглоомтой зүйрлэхээр байна. Нөгөө талаас нь харвал, криптовалютын зах зээл дээр хэдийнээ бирж байгуулж, токен гаргаж өөрийн орон зайгаа бий болгож яваа Монгол дахь энэ салбарынхан дээрх хандлагыг эрс эсэргүүцэж. Тэд, “Криптовалют, блокчэйн бол уламжлалт санхүүгийн салбарт аюул дагуулах зүйл огтхон ч биш, харин ч өнгөрсөн хугацааны хоцрогдлыг арилгах асар том боломж олон улсын зах зээл рүү нэвтрэх, цаашлаад энэ чиглэлээр санхүүгийн төв болоход үгүй гэх газаргүй.

Бид виртуал хөрөнгийн зах зээлийг сайтар хянах шаардлага байна. Учир нь Виртуалаар дамжиж хийгддэг мөнгө угаах гэмт хэргийн гол хэрэгсэл болгохоос сэргийлэх нь маш чухал. Койноос бий болсон ихэнх хөрөнгө бодит эдийн засагт ордоггүй. Хэрэв мөнгөө алдлаа гэхэд хаанаас олж авах нь тодорхойгүй авсан койны тань ханш яаж хэлбэлзэхийг хуульчилж чадахгүй. Иймд иргэд хөрөнгө оруулахдаа анхааралтай хандах хэрэгтэй учир алдсан ч харамсахгүй хөрөнгө байршуулж “азаа үзэх” нь одоогийн нөхцөлд өгч болох хамгийн сайн зөвлөгөө болж байна.

Асуудал шийдвэрлэх (Баримт нотолгооны хэсэг)

Виртуал хөрөнгийг хэрхэн зохицуулах боломжтой вэ?, ФАТФ-ийн зөвлөмжийн дагуу манай улс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?, Дэлхийн бусад улс орнуудын практик туршлагыг хэрхэн нэвтрүүлэх вэ? гэдэг асуудлуудыг шийдвэрлээд явах нь зүйтэй.

Виртуал хөрөнгө гэдгийг олон улсын нэршлээр, дижитал хэлбэрээр арилжих, хувиргах, шилжүүлэх боломжтой төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэнэ хэмээн тодорхойлжээ. Виртуал хөрөнгө нь хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, хялбар, зардал багатайгаар хүргэх, уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжгүй этгээд ашиглах боломжтойгоор давуу талтай хэдий ч дээр дурдсан олон эрсдлүүд үүсэх тул зохицуулалт нэн шаардлагатай юм.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчлэхээр тогтсон. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулсан.

Энэ хуулиар Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө хуулийн этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улс руу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Харин виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаан болон Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж тайлбарласан байна.

Зохицуулах байгууллагуудаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид буюу койн гаргагчид болон биржүүдэд дараах шаардлагуудыг тавьж байгаа. Үүнд:

  • Олон улсад нийтлэг ашигладаг, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн технологийг ашигладаг байх;
  • Хүсэлт гаргагч болон хүсэлтэд дурдсан үйл ажиллагаатай холбогдох бусад этгээдийн мэдээлэл тодорхой байх;
  • Тухайн үйл ажиллагааг явуулах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байх;
  • Дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй байх;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системтэй байх;
  • Хууль ёсны өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй байх;
  • Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон бусад шаардлагыг хангасан байх;

Дэлхий даяар криптовалют буюу виртуал хөрөнгийг хэрхэн зохицуулж буй болон ямар байр суурьтай байгаа талаар АНУ, Их Британи, Канад, Япон, Сингапур, Австрали, Хятад, Өмнөд Солонгос, Европын холбоо, Энэтхэг зэрэг хэд хэдэн томоохон улс орнуудыг жишээ болгон авч дүгнэлээ.

Америкийн Нэгдсэн Улс

АНУ-д криптовалютын хөрөнгө оруулагч болон блокчейн пүүс олон байдаг ч тодорхой тогтолцоог хараахан боловсруулаагүй байна. Бирж нь үнэт цаас гэж үздэг бол арилжааны комисс виртуал хөрөнгийг бараа бүтээгдэхүүн, төрийн сан нь валют гэж нэрлэдэг. АНУ-д биржүүд банкны нууцын тухай хуулийн зохицуулалтанд багтаан санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээнд бүртгүүлэн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Канад Улс

Тус улс нь виртуал хөрөнгийн талаар идэвхтэй байр сууриа баримталж байгаа 2021 оны 2-р сард Биткойны биржийн арилжааны санг баталсан анхны улс болсон. Канадын Үнэт цаасны Администратууд болон Хөрөнгө оруулалтын аж үйлдвэрийн зохицуулах байгууллага арилжааны платформ болон дилерүүдийг тодруулан, улс нь мужийн зохицуулагчдад бүртгүүлэх ёстой. Крипто хөрөнгө оруулалтын пүүсүүдийг мөнгөний үйлчилгээний бизнес эрхлэгч гэж ангилж Канадын Санхүүгийн гүйлгээ тайлангийн шинжилгээний төвд бүртгүүлэхийг шаарддаг. Татварын үүднээс авч үзвэл криптовалютыг бусад бараа бүтээгдэхүүнтэй адилтган авч үздэг.

Их Британи

Нэгдсэн Вант Улс криптовалютыг өмч хэмээн авч үздэг ч хууль ёсны төлбөр биш биржүүд бүгд Санхүүгийн зохицуулах газарт бүртгүүлэх ёстой криптовалютын дериватив арилжааг санал болгохыг хориглодог. Үүгээр зогсохгүй зохицуулах байгууллага нь таны үйлчлүүлэгчийг мэдэх мөн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх үүргээ биелүүлэх тусгай шаардллагыг нэвтрүүлсэн. Татварын хувьд виртуал хөрөнгийн  арилжааны ашгийн татвар төлдөг хэдий ч ерөнхийдөө татвар ноогдуулах нь крипто арилжааны үйл ажиллагаа болон хэн оролцож байгаагаас хамаарна.

Япон

Япон улс төлбөрийн үйлчилгээний тухай хуулийн дагуу хууль ёсны өмч гэж зөвшөөрч криптовалютын зохицуулалтанд дэвшилттэй ханддаг. Биржүүд нь санхүүгийн үйлчилгээний агентлагт бүртгүүлж мөнгө угаах терроризмтой тэмцэх үүргээ биелүүлэх үүрэгтэй. Татварын хувьд виртуал хөрөнгийн арилжааны ашгийг төрөл бүрийн орлого гэж үзэж хөрөнгө оруулагчдаас татвар авдаг байна.

Сингапур

Сингапур Улс Их Британийн адил өмч  гэж үздэг боловч хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм. Тус улсын мөнгөний газар төлбөрийн үйлчилгээний хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгож зохицуулдаг. Урт хугацааны хөрөнгийн орлогод татвар ноогдуулдаггүй учраас криптовалют аюулгүй гэсэн нэр хүндийг олж авдаг. Гэсэн хэдий ч тус улс криптовалютаар тогтмол гүйлгээ хийдэг компаниудад татвар ноогдуулдаг бөгөөд орлого гэж үздэг.

Өмнөд Солонгос

Тус улс криптовалютыг төлбөрийн хэрэгсэл эсвэл санхүүгийн хөрөнгө гэж үздэггүй. Иймээс дижитал валютын гүйлгээ нь хөрөнгийн ашгийн татвараас зайлсхийдэг. Өмнөд Солонгосын Санхүүгийн хяналтын алба нь виртуал хөрөнгийн солилцооны зохицуулалтыг хянадаг бөгөөд операторууд нь мөнгө угаах терроризмтэй холбоотой асуудалд хатуу үүрэг хүлээдэг. 2021 оны 9-р сарын байдлаар биржүүд болон бусад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид санхүүгийн үйлчилгээний комисс санхүүгийн тагнуулын албад бүртгүүлэх ёстой.

Австрали Улс

Виртуал хөрөнгийн талаар идэвхтэй байр суурь хандаж байна. Австрали улс хууль ёсны өмч гэж авч криптовалютыг ангилж байна. Энэ нь хөрөнгийн ашгийн татвартай болгодог Биржүүд Австралын Гүйлгээний тайлан шинжилгээний төвд бүртгүүлж мөнгө угаах терроризмын тодорхой үүргийг биелүүлсэн тохиолдолд тус улсад чөлөөтэй ажиллах боломж олгодог. 2019 онд Австралийн үнэт цаасны хороо койны анхдагч арилжааны саналыг зохицуулах шаардлагыг нэвтрүүлж, нууцлалын койн санал болгодог биржүүдийг хориглосон.

Хятад

Дэлхийн хүчирхэг улсууд криптовалютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй гэхдээ өв залгамжлалыг тогтоох зорилгоор эд хөрөнгө гэж ангилдаг. Хятадын ардын банк криптовалютын биржүүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Дэлхийн хамгийн том крипто бирж болох BINANCE нь Хятадад анх нээсэн боловч Криптогийн зохицуулалтыг таслан зогсоосны дараа 2017 онд Кайманы арал руу нүүлгэсэн. 2021оны 5-р сард бүр мөсөн хаах эсвэл зохицуулалтын илүү таатай улс руу нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн.

Энэтхэг

Ихэнх улсын адил криптовалютыг төлбөрийн хэрэгсэл биш гэж тодорхойлсон хэдий ч шууд татварын зөвлөлөөс хөрөнгө оруулагчид крипто арилжааны ашгаас татвар төлөх ёстой гэж заасан. 2018 онд Энэтхэгийн нөөцийн банк санхүүгийн байгууллагуудад виртуал хөрөнгийн валютаар гүйлгээ хийхийг хориглосон. 2020 оны 3-р сард дээд шүүх нь тус шийдвэрийг хүчингүй болгосон. Гэсэн ч зохицуулалт тодорхойгүй хэвээр байна. 2021 оны эхээр төрийн баталгаатай дижитал хөрөнгөөс бусад криптовалют гаргах эзэмших олборлох худалдаалахыг хууль бус гэж үзсэн.

Европын холбоо

Криптовалют нь Европын Холбооны ихэнх оронд хууль ёсны байдаг ч биржийн үйл ажиллагаа гишүүн улс бүрээс хамаардаг. Үүний зэрэгцээ татвар ноогдуулах нь ЕХ-ны улс орнуудаас хамаарч өөр өөр байдаг 0%-аас-50% хооронд хэлбэлздэг.2020 оны 9-р сард Европын комисс Крипто хөрөнгийн зохицуулалтыг санал болгосон бөгөөд энэ нь хэрэглэгчийн хамгаалалтыг нэмэгдүүлж крипто салбарын үйл ажиллагааг тодорхой болгож лицензийн шинэ шаардлага нэвтрүүлсэн тогтолцоо болсон.

Дэвшүүлж буй санаа

Виртуал хөрөнгө нь баталгаатай (барьцаатай) байх буюу койн гаргахад үл хөдлөх хөрөнгө эсвэл үнэт цаас нь баталгаа болж чаддаг өөрөөр хэлбэл давхар баталгаажсан байвал энэ нь эрсдлийг бууруулах боломжтой. Жишээлбэл: Үнэт цаас нь өөрөө баталгаа болж чадахгүй болсон бол тухайн виртуал хөрөнгийн эргэлтийг (койн гаргалтыг цуцлах, эргэн төлөлт) гэх мэт үйл ажиллагааг нь хязгаарлаж болно.

Виртуал хөрөнгийн төлбөр тооцоо нь банкаар дамжин хийгддэг. Энэ мөнгө угаах, сэжигтэй болон их хэмжээний гүйлгээний мэдээллийг хянах боломжтой хэдий ч банкны системийн оролцоо сул байна. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай төв банкны зүгээс хяналтаа сайжруулах, койны арилжаанаас үүдэлтэй инфляцийг тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй.

Мэдээлэлтэй мөнгөтэй хүмүүс хувьцаанд хөрөнгө оруулдаг, эсрэгээрээ мэдээллээс хол, санхүүгийн боловсрол багатай хүмүүс койнд азаа үзэж байна. Энэ нийгмийн хандлагыг эрс өөрчилж иргэддээ бүх нийтийн санхүүгийн боловсролыг олгох, үний тулд төрөөс дэмжлэг үзүүлэх, виртуал хөрөнгийн талаар нэгдмэл ойлголтыг дан ганц сошиал сувгаар бус олон нийтийн сувгаар таниулах замаар иргэдийг ядуурлаас сэргийлэх нь чухал.

Дүгнэлт хэсэг

Виртуал хөрөнгө нь шинэ технологийн үндсэн дээр үүссэн цаашид ч техник технологийн хөгжлийг дагаад шинээр финтек үйлчилгээнүүдийн тоо ихсэж, бидний мэдэхгүй блокчэйн технологи, крипто виртуал хөрөнгийн ойлголтуудыг бүрэн мэдэж, өнөөгийн бидний сайн мэдэх банкны бүтээгдэхүүн шиг хэрэглэх нь цаг хугацааны асуудал болсон. Манай улсын хувьд виртуал хөрөнгийг хамгийн ойрын хяналтандаа авах арга хэмжээ бол ФАТФ зөвлөмж дагах. Виртуал хөрөнгийг хянах бус харин энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагыг бүртгэх, мөнгө угаах, терроримзыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй үйлчилгээ үзүүлэгчийг хуульчилж, тэдгээр койнд хөрөнгө оруулж буй этгээдүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох нь эхний алхам болно. Үүнийг төрөөс хэрэгжүүлэхийн тулд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох агентлагууд энэхүү шинэ дижитал хэлбэрийн зах зээл рүү өөрсдөө өндөр зохион байгуулалттай хандаж, оролцогч байгууллагуудтай дан ганц хяналт тавих бус хамтран ажиллаж, гарц гаргалгааг нэн даруй гаргаж ирэх шаардлагатай.

Олон улсын туршлагаас харахад дэлхийн ихэнх улс орнууд виртуал хөрөнгийн хуулийг бүрэн гаргаагүй хэрэгжүүлж чадаагүй явж байна. Хуульчилсан цөөн хэдэн улсад ч үр дүнгээ өгч чадаагүй. Энэ нь дан ганц тухайн улсаас хамааралтай бус, техник технологи өөрөө асар хурдацтай хөгжиж байгаа, хамрах хүрээ хязгааргүй орон зайнаас хамаарч байна. Мөн төлбөр тооцооны хэрэгсэл гэж аль ч улс оронд зөвшөөрөгдөөгүй зөвхөн хөрөнгийн тодорхой эрх ч юм уу үнэт цаас, эд хөрөнгө гэж үзэж байна. Гэвч тэдгээр улсууд нь аль хэдийн холбогдох төрийн байгууллагуудаараа дамжуулан виртуал хөрөнгө гаргагчдад бүртгэл хяналтаа тавиад эхэлчихсэн ашийн татвар хүртэл авч байна. Иймээс бид технологийг дагаж хөгжих ч шаардлагатай, зөв оновчтой хууль эрхзүйн зохицуулалтаа ч хийгээд явах шаардлагатай тийм цаг үед ирсэн байна.

Ашигласан материал

https://mojha.gov.mn/wp-content/uploads/2021/01/VASP-final.pdf,

https://gogo.mn/r/8x6k6

https://www.fatf-gafi.org/fr/publications/recommandationsgafi/documents/regulation-virtual-assets.html

https://www.investopedia.com/cryptocurrency-regulations-around-the-world-5202122

https://www.step.org/industry-news/fatf-publishes-updated-guidance-virtual-assets-regulation

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy