Монгол Улсад банкны салбар үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн хүрээнд “Санхүү банкны эмэгтэйчүүд хоёрдугаар” чуулганыг зохион байгууллаа

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн II чуулган”-ыг салбарынхаа эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллыг төгөлдөржүүлэхэд туслах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, сайн үйлсийн төлөө хамтран ажиллахад нэгдэх эв санааны нэгдэл бүхий платформыг бий болгон хөгжүүлэх зорилгоор зохион байгуулав.

Энэ удаагийн чуулганаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн эмэгтэйчүүдийн бодит оролцоо, манлайллыг хангах, байгууллагын хөгжилд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, ялангуяа ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн, харилцагчийн эрхийг хамгаалах зорилготой “Банкны үйлчилгээний кодекс”-ыг танилцуулж, банк, санхүүгийн салбарт үйлчилгээний нэгдсэн стандарт нэвтрүүлэхийн ач холбогдол сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулганд банк, хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны 200 гаруй байгууллагын 660 төлөөлөгч оролцсон бөгөөд дараах уриалгыг гарган, тунхаглалаа.

Санхүүгийн салбарын байгууллагуудад хандсан уриалга:

– Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хүний эрх ба хариуцлагатай бизнес”-ийн зарчмуудыг банк, санхүүгийн салбарт 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байх,

– Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж буй байгууллагуудын сайн туршлагаас бусад байгууллагууд өөрсдийн нөхцөл, боломжид нийцүүлэн даруй хэрэгжүүлж, хүний нөөцийн бодлогодоо албан ёсоор тусгах,

– Харилцагчийн эрхийг хамгаалах зорилго бүхий “Банкны үйлчилгээний кодекс”, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий “Компанийн засаглалын кодекс”-ыг санхүүгийн салбарын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

Улсын Их Хурал болон Засгийн газарт хандсан уриалга:

– Санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг бууруулах, чанаргүй зээлийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд учирч буй томоохон бэрхшээлүүдийн нэг болох хаягжилтын асуудалд төрийн зүгээс анхаарал хандуулж, айл өрх бүрийг 2025 он гэхэд шуудангийн хаяг, хайрцагтай болгох,

– Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг жендерийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, туршилт, нэвтрүүлэлтийн чиглэлээр өргөжүүлэх зэрэг багтаж байна.

Банкны салбарт 15629, үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ зэрэг банкны бус санхүүгийн байгууллагуудад 6956 хүн ажиллаж байна. Түүнчлэн, эдийн засаг санхүүгийн чиглэлийн төрийн байгууллагуудын 70-90 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй.

Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанаас харахад, эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой бөгөөд нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой аж. Олон улсын судалгааны дүнг харгалзвал эмэгтэйчүүдийн орлого олох боломжийг нэмэгдүүлснээр нэг талаас эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, нийгэм-хамт олны хүрээнд орж нийгэмших явдалд чухал нөлөөтэй. Нөгөө талаас жендэрийн тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх давуу талтай юм.

“Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар олон чухал уриалга гаргасны ихэнх нь өдгөө бодитой ажил хэрэг болж хэрэгжиж байгаагаас дурдвал:

– ЕСБХБ-ны төслийн хүрээнд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх санаачилгын дагуу бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай идэвхтэй, тууштай ажилласны үр дүнд арилжааны томоохон банкууд эмэгтэй бизнесийг дэмжих зээл, санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээтэй болоод байна.

– Санхүүгийн боловсролыг түүчээлэх, ингэхдээ алслагдсан орон нутаг дахь эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, бичил болон ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү анхаарч, банк бүр мэдлэг түгээх олон төрлийн зөвлөх үйлчилгээний сувгуудаа идэвхжүүлэн ажилладаг болсон.

– Банк, санхүүгийн салбарын удирдлагад эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүйд хүргэх, менторшип зэрэг халамжлан сургах ажлыг бүх түвшинд дэлгэрүүлэх санаачилга, уриалгын хүрээнд СЗХ-ноос байгууллагуудын удирдлагын түвшинд жендерийн квотыг нэвтрүүлжээ.

Дээрх үр дүнгүүд нь санхүүгийн гүнзгийрэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, улмаар Монгол Улсын тогтвортой хөгжилд банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн манлайлал сайжирсны илрэл юм.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.

Та дараах төрлүүдээс сонгож хуваалцаж болно

Таны уншиж буй мэдээллийн линк

Хуулах